Д.Батбаяр: Оффшороос болж хөрөнгө оруулалт зогссон

Өнгөрсөн тавдугаар сард оффшор бүсэд данс эзэмшдэг эрхмүүдийн нэр тодорч, багагүй асуудал үүсгэж байсан. Тэр дунд УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр оффшор данстай хэмээн мэдээлэгдэж, УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээсээ татгалзах хэмжээний асуудал үүсч байсныг та бүхэн санаж буй. Тэгвэл өнөөдөр Кёкүшюзан Д.Батбаяр мэдээлэл хийж, нэр нэгтэй хүнтэй андуурагдсан гэдгээ хэллээ. Түүний мэдээллийг хүргэж байна.
-Яагаад оффшор дансны асуудлаар мэдээлэл хийх болов? Хэдэн сарын өмнө хуулийн байгууллагад шалгуулсан. Ямар хариу өгсөн вэ?
-Хамгийн анх оффшор данстай холбоотой мэдээлэлд миний нэр холбогдсон. Тухайн үед Ерөнхий сайдын зөвлөх, УИХ-ын гишүүн гэх төрийн өндөр албан тушаалтай гэдэг утгаараа хуулийн өмнө том хариуцлага хүлээх асуудал яригдсан. АН-д ч сонгуульд нэр дэвшүүлэхгүй асуудал яригдаж байсан. Бас гаднаас хөрөнгө оруулалт татах асуудалд нөлөөлж, зогсонги байдалд оруулсан. Тиймээс би бүх хуулийн байгууллагад шалгуулсан. Тэгэхэд Кёкүшюзан Д.Батбаяр гэдэг хүн оффшор данстай, дансгүй гэдгийг тогтоож чадаагүй. Дөнгөж зодог тайлсан бөх учраас шалгах боломжгүй гэсэн хариуг өгсөн.
-Таныг андуурагдсан гэдгийг яаж батлах вэ?
-HD Монгол телевиз Даваагийн Батбаяр гэдэг хүн бол Кёкүшюзан биш юм байна. Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч. Сая сонгуулиар МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон хүн гэдэг нь тогтоогдсон гэсэн мэдээллийг цацлаа. Тэгэхээр Даваагийн Батбаяр гэдэг нь би биш гэдгийг албан ёсоор хэлэх нь зүйтэй. Нэг ёсондоо Кёкүшюзан Д.Батбаяр оффшор дансгүй гэдгийг албан ёсоор хэлж байна.
-Асуудал дөнгөж яригдаж эхэлж байхад та хэвлэлийн хурал хийж, оффшор данстай гэж мэдээлж байсан?
-Оффшор гэдгийг яг үнэндээ мэддэггүй байлаа. Гадаадад данстай гэдэг утгаар нь ойлгож байсан. Тиймээс би Япон улсад данстай гэдгээ хэлсэн. Барилдаж, цалингаа авдаг данснууд байсан. Тухайн үед 4-5 данс нээгээд хаагдсан гэдгийг албан ёсоор хэлж байсан.
-Та сонгуульд нэр дэвшихгүй гэж нэрээ татсан. Оффшор дансгүй юм бол яагаад нэрээ татсан вэ?
-АН-ын дарга З.Энхболд оффшор данстай 2, 3 хүнийг нэр дэвшүүлэхгүй гэж хэлсэн. Би оффшор дансгүй гэдгээ хэлсэн. Гэхдээ нэгэнт ийм асуудал нэр холбогдсон эр хүний хувьд асуудал шийдэгдтэл нэрээ татах нь зүйтэй гэж үзсэн.
-Хөрөнгө оруулалт гацсан гэлээ. Хаанаас ямар хэмжээний хөрөнгө оруулалт татах гэж байсан вэ?
-Японоос барилгын салбарт 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татах гэж байсан. Гэвч оффшорын асуудлаас болоод энэ ажил зогссон. Одоо асуудал шийдэгдсэн учраас ажил хэвийн үргэлжилнэ байх.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ