Хүүхэд харах үйлчилгээг аттестатчилна

img

 

Нийгмийн  бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааны тухай болон  Хүүхэд харах үйлчилгээний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл сонслоо. Хүүхэд харах үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг хойшлуулсан байсан. Харин 2017 оны улсын төсвийн хэлэлцүүлгийн үеэр батлагдсан хуулийн дагуу хэрэгжүүлэхээр болсон юм.

 

Улсын хэмжээнд энэ үйлчилгээнд 6353 хүүхэд хамрагджээ. Улсын хэмжээнд 875 хүүхэд харах нэгж байгуулагдсан байна. Энэ онд 10328 хүүхдэд хамрагдана гэж тооцоод у лсын төсөвт 10,6 тэрбум төгрөгийг тусгасан  байна. Гэвч   үйл ажиллагаа 4 сараас эхэлсэн учир 5,5 тэрбум төгрөг төсвийн тодотголоор танагджээ.  Улсын хэмжээнд 2016 оны 4, 5, 9, 10-р сард 2,86 тэрбум төгрөгийг олгосон байна.   Мөн сүүлийн хоёр сард энэ үйлчилгээнд зориулж төсвийн тодотголоор 1.7 тэрбум төгрөг дахин төсөвлөжээ.  Нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг аймаг, нийслэлийн дунджаар тооцоход нэг сард 131,8 мянга төгрөг буюу нэг жилд 9 сар үйлчилгээ үзүүлнэ гэвэл 1 хичээлийн жилд 1 хүүхдийн хувьсах зардал 1,186,267 төгрөг болох аж. Цаашид нэмж хамрагдах шаардлагатай нэг хүүхдэд нэг жилийн хувьсах зардалд 1,186,267 төгрөг нэмж төсөвлөх шаардлагатай байна. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтээ өгсөн 79 хүүхэд харагч нарт зөвшөөрөл олгоход 395 хүүхдийн нэг жилийн хувьсах зардалд 468,575,465 төгрөг нэмж шаардагдана. Мөн Хүүхэд харах үйлчилгээний эрх хүссэн 79 нэгж байгаа аж.

 

Саяхан НХХЯ-наас Хүүхэд харах үйлчилгээнд шалгалт хийсэн байна. Шалгалтаар Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах шаардлага, стандарт зөрчигдсөн зүйл ажиглагджээ.  Хуулиар нэг хүүхэд харагчид оногдох тоо 5 байдаг. Гэтэл энэ тоо илүүдэлтэй байсан байна. Хүүхэд харах нэгжид стандартаар 15 хүүхэд байхаар заасан. Шалгалтын явцад 60 хүртэл хүүхэдтэй нэгж байсан байна.  Хуулиар Хүүхэд харах үйлчилгээнд 2 ба түүнээс дээш ЕБС-д суралцах нас хүртэлх хүүхдийг хамруулна гэж заасан.  Гэтэл 2-оос доош насны хүүхэд ихээр хамрагдсан тал ажиглагджээ. Түүнчлэн хуульд заасны дагуу 7 хоногийн хоолны цэсийг эцэг эхтэй зөвлөлдөх заалт зөрчигдсөн байжээ. Хоол хадгалах, дээж авах, хүүхдийн аяга, халбагын ариун цэвэр зөрчигдсөн гэнэ.  

 

Нэг хүүхдэд асран хамгаалагч буюу аав ээжээс нь  төлөх хоолны зардал сард 70 орчим мянган төгрөг байх салбарын сайдын тушаал байдаг байна. Гэтэл зарим газарт эцэг эхчүүдээс сард 150 мянган төгрөг хүртэл хэмжээний мөнгө авсан байжээ.

 

Хүүхэд харах үйлчилгээний төв гэртэй ойр байгаад эцэг эхчүүд таатай ханддаг байна. Хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлснээр ажлын байр нэмэгдсэн байна. Цаашдаа Хүүхэд харах үйлчилгээг аттестатчилалд хамруулах, хуулийн орчныг сайжруулах, стандартыг мөрдүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байна.  Хүүхэд харах үйлчилгээний төвд камер байршуулах, хорооны эмч, цагдаагаар хяналт тавиулах, цэцэрлэгийн стандарт ойртуулах зэрэг санал гаргасан байна.  

 

Гишүүд Хүүхэд харах үйлчилгээний талаар мэдээлэл сонссоны дараа байр сууриа хэлсэн юм.

 

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
uls bitgii iim ymand oroltsood bgaacheee toriin bus baiguulagudar hiilgeecheee
2016-11-09