Эх оронч бус хүмүүс мөнгөө оффшорт нуугаад байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцлээ. Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт танилцуулж, гишүүдийн асуултад хариулт өгөв.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Сүүлийн үед оффшорыг хууль ёсны зөв юм шиг мэтээр ойлгуулах мэдээлэл газар авч байна. Оффшор бол авлигатай холбоотой мөнгөний эх үүсгэсврийг нуудаг, аж ахуй нэгж татвараас зайлсхийж мөнгөө хадгалдаг шүү дээ. Яагаад татвараас нуусан мөнгийг яагаад зөвшөөрөх гээд байгаа юм бэ. Өмнө нь дансаа нээчихсэн төрийн болон улс төрийн албан тушаалтан хариуцлага хүлээхгүй гэсэн үг үү. Гэр бүлийн гишүүн, төрсөн ах дүү, эцэг эхтэй нь хамааруулж болох уу. УИХ-ын гишүүн сонгогдохоосоо өмнө данстай байхыг хориглох боломж байна уу?
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтнууд өөрөөр хэлбэл ХОМ гаргадаг хүмүүс оффшор данстай байхыг хориглоно. Оффшорыг дэмжсэн биш хориглосон хууль болсон. Ах дүү, найз нөхөд, аав ээжийнхээ нэр дээр данс нээхийг хориглох боломж байгаа эсэхийг судалсан. Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийн асуудлын улмаас гэр бүлийн иргэдийг нь данстай байхыг нь хориглож болохгүй байгаа юм. Гэхдээ хэн нэгний нэр дээр мөнгө хадгалсан бол олж тогтоон, хариуцлага тогтооно.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар:
-Хориглосноор энэ асуудал шийдэгдэх үү? Гадаадад ажиллаж байгаа албан тушаалтнууд гадаадад ажиллахдаа гүйлгээ хийж, онлайнаар төлбөр тооцоо хийсний хариуд хариуцлага хүлээх юм уу. Бусад улсуудад шууд хориглодоггүй шүү дээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнуудыг гадаадад данс эзэмшдэг асуудалд өнөөдөр ямар ч зохицуулалт байхгүй байна. Оффшор бол дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн харилцаа байгаа юм. Гэтэл хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс хууль бус үйлдэл хийж байгаа юм шиг. Нөгөө талаар хууль бусаар олсон мөнгөө хадгалж байгаа иргэд хуулийн дагуу мөнгөө хадгалуулж байгаа юм шиг харагдаад байгаа юм. Энэ хууль батлагдсанаар энэ асуудлыг бүрэн зохицуулна гэсэн үг.
УИХ-ын Б.Пүрэвдорж:
-Эх оронч бус хүмүүс татвараас зугтаж мөнгөө аваачиж оффшорт нуугаад байгаа юм. Хуульд өмнөх оффшорчид хариуцлага хүлээхгүй гэж заасан юм бишүү. Өмнө нь оффшор данстай байсан хүмүүст яаж хариуцлага хүлээлгэх вэ?
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
Хууль эргэж үйлчилдэггүй гэдэг зарчим байдаг. Энэ хуулийг 2013 онд буюу С.Баярцогт гишүүний данс илэрч байх үед хуулийг баталсан бол оффшор данстай нийтийн албанд ажиллаж байгаа нөхөд хариуцлага хүлээх боломжтой байсан юм. Энэ асуудлыг яаралтай зохицуулахгүй бол таны хэлж байгаа 50 оффшортон чинь одоо 500 болох болов уу.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
-Манай улсын хувьд солгой гараараа хууль бус зүйлийг дараад баруун гараараа дэмжээд байдаг юм. Өмнө нь “буруу замаар” мөнгө олж байсан нөхөд хариуцлага хүлээх боломжгүй болоод байна. Хөрш орнууд 5-10 жилийн өмнө авлига авсан хүмүүсийг олж хариуцлага тооцож байна. Төрийн болон төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсээс гадна гэр бүлийн хүн нь гэж нэмж оруулж болох уу. Өөрийнхөө нэрээр мөнгөө мөнгөө нуудаг хүн цөөн шүү дээ.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр
Ажлын хэсгийн түвшинд гэр бүл, найз нөхөд, хамаарал бүхий нөхөд гэж өргөсгөх үү гэдэг асуудал яригдсан юм. Аливаа хуулийг өргөн мэдүүлэхдээ Үндсэн хуультай нийцүүлэх ёстой. Гэтэл Үндсэн хуульд гэр бүлийн гишүүд, төрөл садныг хамааруулж болохгүй гээд тодорхой заачихсан байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ