Цэнгэл нуурт цистерн осолджээ

Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг дахь Цэнгэл нууранд 5 тоннын даацтай шатахуун тээвэрлэдэг цистерн өнөөдөр өглөө унажээ.
Энэ талаар Улсын онцгой комиссын хуралдааны үеэр ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ.Тэрбээр:
-Өнөө өглөө ОБЕГ-ын Шуурхай удирдлагын төвд Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутагт шатахуун тээвэрлэх зориулалттай машин мөс цөмөлж осолдсон мэдээлэл 09:00 цагийн үед хүлээн авсан. Одоогоор авсан мэдээллээр уг машин нь 5 тнонын даацтай, чиргүүлгүй явж байсан. Энэ машин нь осолдох үедээ шатахуун тээвэрлээгүй байсан. Нуурын эргээс 7-8 метр зайд, кабин нь харагдах төдий байгаа. Энэ нуур нь дөрвөн метр орчим гүн гэсэн урьдчилсан мэдээлэл байгаа хэмээлээ.
Дуудлага авсан даруйд Аврах салбарын бие бүрэлдэхүүн мөс цөмөрсөн газарт очиж ажиллахаар явсан байна. Цистерний жолооч бэртэж гэмтсэн эсэх яагаад нуурын дээгүүр явж байсан зэргийг аврагчид болон холбогдох байгууллагынхан ажиллаж тогтоох юм.
Цаг агаар хүйтэрч байгаа ч томоохон гол , нуурууд бүрэн хөлдөж, мөсний давхрага бэхжээгүй байгаа тул мөсөн замын тээвэр хийхгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ