“Тусгаар тогтнолын өдөр”-ийг сэргээнэ
УИХ-ын байнгын хороод өнөөдөр үдээс хойш хуралдах товтой байсан. Тиймээс Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны эхэнд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Уг хуулийн төслөөр жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нийг Бүгд найрамдах улсыг тунхагласан баярын өдөр болгон тэмдэглэж, бүх нийтээр амрах өөрчлөлт оуулж байгаа юм. Өмнө нь энэ өдрийг Тусгаар тогтнолын баярын өдөр болгон бүх нийтээр амардаг байсан. Гэвч Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр бүх нийтээр амарч байхаар өөрчилсөн билээ. Харин энэ удаагийн парламентаар 11 дүгээр сарын 26-ныг бүх нийтийн амралтын өдөр болгохоор Г.Мөнхцэцэг нарын нэр бүхий гишүүд дахин хуулийн төсөл боловсруулан оруулж ирж байна. Байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин, чуулганы хуралдаанд бэлтгэн шилжүүлэв. Энэ жилийн тухайд 11 дүгээр сарын 26-ы өдөр бямба гаригт тохиож байна.
Дараагаар нь ҮХЦ-ийн гишүүнээр Д.Одбаярыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжив. Д.Одбаяр 2000-2004 онд Дорнод аймгийн Засаг дарга, 2004-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, Хууль, зүй, дотоод хэргийн сайдын албыг хашиж байсан юм.
Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ