Сонгуулийн маргааныг цэгцэлнэ
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнгийн талаар СЕХ-ны мэдээллийг сонслоо. СЕХ-ны мэдээллийн дараагаар гишүүд асуулт асууж, үг хэллээ. Гишүүд, тэр дундаа АН-ын бүлгийн гишүүд орон нутгийн сонгуулийн дүнд шүүмжлэлтэй хандаж байлаа. Орон нутгийн сонгуулиар зөрчил гарсан, АН ялалт байгуулсан тойргийн Засаг даргыг өнөөг хүртэл батламжаагүй байгааг тэд шүүмжилсэн. Тухайлбал, УИХ-ын Л.Болд:
-Орон нутгийн сонгуулиар будилаантай зөрчил илэрсэн. Сүхбаатар дүүрэгт өмнөх сонгуулийн файлууд холилдсон, гэхдээ сонгуулийн дүнд нөлөөлөхгүй гэж байна. 90 тойрогт нэгдсэн хяналтын тойрог хийнэ гэж байгаа. Сонгуулийн луйврыг илрүүлж, шалган, дахин санал хураалт явуулах шаардлагатай. Монголчууд та бүхэнд өндөр эрх өгсөн. Та нар автомат тооллогын машинд бурууг битгий чихээрэй хэмээв. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:
-Орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар байнгын хорооны хуралдаанаар мэдээлэл авлаа. Цаашдаа аль ч сонгуулийн дүнг УИХ дээр авч хэлэлцэж байх нь зүйтэй. Хуулиар өнөөдөр УИХ-ын сонгуулийн дүнг албан ёсоор УИХ-д өргөн мэдүүлдэг. Орон нутгийн сонгуулийн дүнг тухай тухайн орон нутгийн удирдах төвшний байгууллагад мэдээлдэг. СЕХ сонгуулийн дүнг цахим хуудсанд ил тодоор тавьсан байгаа юм байна. Энэ ажлыг үргэлжлүүлэн хийх хэрэгтэй. Хэрвээ орон нутгийн сонгуулийн дүнг УИХ-д мэдээлж байх нь зүйтэй гэж гишүүдийн олонхи үзвэл хуулиндаа өөрчлөлт оруулах ёстой. Мөн СЕХ-ны үйл ажиллагаатай холбоотой зарим өргөдөл, гомдол яригдаж байна. Жишээ нь бүртгэж аваагүй татгалзсан асуудал байгаа. Энэ нь УИХ-аас гаргасан хуулийн дагуу хийгдсэн асуудал байх. Тиймээс хуулинд дахин өөрчлөлт оруулахбайх. Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулаад гурван тусдаа хууль болгох саналтай байгаа. СЕХ-ноос албан ёсоор энэ тухай саналыг Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн. Эхний ээлжинд Ерөнхийлөгчийн тухай хуулийг тусад нь гаргаж батална. Дараагаар нь цаг алдалгүйгээр УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн дүнг хэлэлцэнэ. Энэ намрын чуулганы хугацаанд Ерөнхийлөгчийн болон УИХ-ын, орон нутгийн сонгуулийн хуулиудаа процедурынх нь хувьд тусдаа болгоно. Сонгуулийн дүнг хурдан баталгаажуулдаг асуудлыг баталж өгөх ёстой. Энэ удаагийн талаар гарсан маргаануудыг шүүхээр шийддэг байдлаар явах уу эсвэл сонгуулийн хорооддоо шийдвэрлэдэг байх уу гэдгийг хэлэлцэнэ. Сонгуулийн маргаантай зүйлүүдийг цэгцэлнэ хэмээлээ.
Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өндөрлөв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ