Хямрал дээр цомхотголыг “хачирламааргүй байна”

Эрх баригчид ирэх 2017 оны улсын төсөв, мөнгөний бодлогоо батлаад байна. Энэ долоо хоногт ирэх оны нийгэм, эдийн засгийн үндэслэлийн баримт бичгийг батална. Ийн цаасан дээр хуулиуд батлагдан гарсаар байгаа ч валютын ханш өссөн хэвээр, эдийн засаг хүндрэлийг саармагжуулахад нэг ч алхам урагшилсангүй. Үүнийгээ эрх баригчид валютын хомсдолд орсон, ОУВС-тай хэлэлцээр хийх, гадаад зах зээлээс мөнгө босгох, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах яриа хэлэлцээр үргэлжиж байна гэсэн жижүүрийн тайлбарыг бүтэн дөрвөн сар ярьж байгаа. Ямар нэг шийдэлд хүрээгүй, дуусдаггүй энэ яриа хэлэлцээ халуун зунаас эхэлсэн ч хахир өвлөөр ч яригдсаар байх нь.
Эдийн засгийн хүндрэлийн энэ үед өрхийн төсөв хүрэлцэхгүй, авсан цалин зээл, лизингид шилжиж байгаатай зэрэгцээд дараагийн асуудал зарим иргэдийг сэтгэлзүйн хямралд оруулаад байгаа. Энэ нь ажилгүйдэл, цомхотгол. Учир нь шинэ төр, засаг байгуулагдсанаар төрийн байгууллагын хамгаалалтын ажилтнуудаас эхлээд санхүү, дарга бүгд өөрчлөгдөж байгаа. Зарим нь шинэ даргаа хүлээж, шинэ дарга нар томилогдсон байгууллагын ажилтнууд халагдах тушаал хэзээ гардуулах бол гэсэн сэтгэлзүйн хямралд автаад байна. Халагдах тушаалаа авсан хэсэг цалин буух хугацаа хүртэл ажиллуулж өгөхийг хүссэн байна лээ. Учир нь лизингээ өгсөн байхад дараа сар хүртэл учир нь олдоно гэж тооцсон биз. Ийнхүү иргэд эдийн засгийн хийгээд сэтгэлзүйн хямралаа хэрхэн даван туулах аргаа хайсаар.
Холоос мөнгө хайхгүйгээр ойрын хугацаанд хэрэгжихээр хэлэлцэж байгаа Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр ч иргэдийн амжиргаанд шууд нөлөөлж, үр дүнгээ өгөхөөргүй юм билээ. Учир нь тухайн хөтөлбөрт дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ тусгагдсан байсан. Ер нь үнэмлэхүй олонхийн амнаас “аажимдаа эдийн засгийг сэргээнэ” гэсэн үг л гарч байгаа. Эдийн засгийг сэргээх шуурхай арга хэмжээ эхний нэг, хоёр жилд эрх баригчдаас хараад нэмэргүй дэг. Ямартай ч эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийн эхний хэлэлцүүлэг энэ долоо хоногт өрнөнө.
Манай улсын хувьд 2013, 2014 онд нэг хүнд ногдох ҮНО-ын хэмжээгээр дэлхийн банкны дундаж-дээгүүр орлоготой орны ангилалд дэвшин орж байлаа. Харамсалтай нь өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт саарсан, төгрөгийн ханш суларсантай холбоотойгоор нэг шат уруудсан үзүүлэлттэй гарсан. Энэ нь биднийг эргээд дундаж-доогуур орлоготой орны ангилалд буцаан шилжүүлжээ. Эдийн засгийн өсөлт саарч, төгрөгийн ханш суларсан нь манай улсын голлох экспортын бүтээгдэхүүнүүдийн дэлхийн зах зээлийн үнэ буурсан, 2011 онд 4.7 тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт тасралтгүй буурсантай холбон тайлбарладаг.
Сүүлийн жилүүдэд тасралтгүй буурсан эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилийн байдлаар 1.4 хувь болж саарчээ. Ажилгүй иргэдийн тоо энэ оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 36 хувиар өсч, ажилгүйдлийн түвшин 10.4 хувьд хүрээд байгаа нь эдийн засаг дахь нийт эрэлт хумигдах, банкны зээлийн чанар муудах үндсэн шалтгаан болж байгааг эдийн засагчид ярьж байна. Энэ оны наймдугаар сарын байдлаар гадаад валютын нийт албан нөөцийн хэмжээ 1.3 тэрбум ам.долларт хүрч буураад байгаа юм. Тиймээс л яаралтай сайжруулахгүй тохиолдолд эдийн засгийн нөхцөл байдал улам хүндрэх, хямрал цаашид гүнзгийрэхийг олон улсын шинжээчид ч анхааруулж байгаа.
Харин Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрт Макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, Дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн стратегитэйгээр нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна лээ. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд ирэх оны төсвийн алдагдлыг өмнөх оныхоос бууруулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн орчинг сайжруулж, хөрөнгө оруулагчид урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулах зэрэг гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмээ авах аж.
Хөрш орнуудтай хийх худалдааг өргөжүүлж, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, казиногийн үйл ажиллагаа эрхлэх эрхзүйн орчныг бүрдүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, импортын сүүн бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах, мах, махан бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр барих, арьс ширийг эко-технологиор иж бүрэн, гүн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулах зэрэг уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийг төрөлжүүлэх үндэс суурийг тавихад чиглэсэн нэлээд зүйл тусгасан байгаа. Тэр дундаа казиногийн чөлөөт бүсүүдэд байгуулах нь валютын урсгалыг шууд татах нөлөөтэй гэж үзэж байгаа. Харин казино дагасан сөрөг үзэгдлүүдийг хэрхэн зохицуулах дээр хуулийн хязгаарлалт хийж өгөх байх.
Сүүлийн үед нааштай дуулдаж байгаа сайн мэдээнүүдийн нэг нь дэлхийн зах зээлд зэс, нүүрсний үнэ нэмэгдсэн. Энэ байдал цаашдаа ч үргэлжилнэ гэж ажиглагчид үзэж байгаа юм. Манай улсын хувьд стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын үйлдвэрлэлийг дэмжих дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийг эрчимжүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэх, нүүрс угаах, гүн боловсруулах, нүүрсний нийлэг хий гаргах үйлдвэр байгуулахыг бодлогоор дэмжих зэрэг бодит салбарын өсөлтийг дэмжихэд чиглэсэн томоохон төслүүдийг эхлүүлэх юм билээ. Цаашдаа , эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж 2017 онд 3 хувьд хүргэхээр төлөвлөсөн. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийн хүрээнд экспорт нэмэгдэж 2019 онд 5.4 тэрбум ам.долларт хүрэх, бүтээн байгуулалтын хэрэгцээг дагаж импорт 2019 онд 5.5 тэрбум ам.доллар болох, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.9 тэрбум ам.долларт хүрч өсөх тооцоо гаргасан байна лээ. Эдийн засаг аажимдаа ийн сайжрах ч өнөөдрийн тухайд байдал хүнд байгаа.
Тиймээс өнөөдөр эдийн засгийн хямралыг иргэд өөрсдийн нуруун дээрээ үүрэн тэсч гарна. Харин ажлаас халах, цомхотгох зэргээр сэтгэлзүйн дарамт үзүүлэхгүй байхыг шинээр томилогдож байгаа албан тушаалтнууддаа захирамжилмаарсан.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ