2.5 тэрбум болговол арилжааны банкны охин компани ажиллана

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголын хөрөнгийн зах зээлийн байдал, цаашдын чиг хандлагын талаар СЗХ-ны дарга С.Даваасүрэнгийн мэдээллийг сонслоо.
Энэ оны гуравдугаар улирлын байдлаар СЗХ-ны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэх зохицуулалттай нийт этгээдийн тоог 2013 оны үзүүлэлттэй харьцуулахад 78 хувиар өссөн байна. Гурван жилийн өмнө 813 байсан бол 1433 болж нэмэгджээ. Үнэт цаасны салбарт 521, даатгалын зах зээлд 127 этгээд үйл ажиллагаа явуулж буй юм байна. Түүнчлэн 509 Банк бус санхүүгийн байгууллага, 276 Хадгаламж зээлийн хоршоо ажиллаж байгаа аж. ББСБ-ын хугацаа хэтэрсэн зээл энэ оны гуравдугаар улирлын байдлаар 6.1 хувь, чанаргүй зээлийн хэмжээ 12.5 хувьд хүрчээ. СЗХ-ны дарга С.Даваасүрэн:
-Нийт банкны системийн чанаргүй зээлийн хэмжээ 7.5 хувь байгаа. Хэрвээ ББСБ-ын чанаргүй зээлийн хэмжээ цаашид үргэлжлэн өсвөл эрсдэл даах чадвар улам муудах төлөвтэй болно. Иймээс эрсдлийг бууруулах зорилгоор банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн санг 2.5 тэрбум төгрөгөөр тогтоож өгсөн. Манай хорооноос санхүүгийн тогтвортой байдлыг хангах, системийн эрсдлийг бууруулах, ил тод өрсөлдөөн бүхий үр ашигтай зах зээлийн тогтолцоог бүрдүүлэх, хөрөнгө оруулагч, даатгуулагч, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа. Засгийн газрын үнэт цаас нийт хувьцааны 94 хувийг бүрдүүлдэг. Засгийн газар энэ оны есөн сарын нийт үнэт цаасныхаа 73 хувийг Монголбанкаар, Хөрөнгийн биржээр 26 хувийг гаргасан байдаг. Хувьцаат компаниудын хувьцаа өссөн нь Засгийн газрын үнэт цаастай холбоотой. Нийтдээ 876 мянган гадаад, дотоодын хувьцаа эзэмшигч байдаг ч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 10 гаруй мянган иргэд байдаг байна. Энэ нь 1072 хувьцаатай холбоотой өндөр тоо гарч байгаа хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа гишүүдийн асуутад хариуллаа.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:
-800 саяар дүрмийн сан байгуулаад банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж болохгүй байна вэ? Яагаад 2.5 тэрбум болгож нэмэгдүүлэх болов.
-Дүрмийн санг нэмэгдүүлэх шийдвэр гаргахдаа тооцоо, судалгааг хийсэн. Эрсдлийн шинжилгээнээс эхлээд бүгдийг хийж үзсэний үндсэн дээр гаргасан. Өрхийн орлого буурч, төлбөрийн чадвар муудаж байгаа. Үүнийг дагаад чанаргүй зээлийн хувь хэмжээ ихсэж байгаа.Олгосон зээлийнх нь тавны нэг нь чанаргүй зээл болж хувирч байна.Дүрмийн санг 2.5 тэрбум болгоход мөн ажлын байр бий болох нь илүү, таваас зургаан хүн ажлын байртай болно. Өрсөлдөх чадвар сайжирна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Хөрөнгийн зах зээлд нээлттэй болоод явж байгаа компани хэр байдаг бол. Хөрөнгийн бирж дээр тоглож байгаа компаниуд яагаад сул байна вэ?
-СЗХ-ны хувьд хөдөө орон нутагт нэгж салбар огт байхгүй. Төрийн сангийн хүмүүстэй гэрээ байгуулж ажилладаг. Шаардлагатай бол мэдээлэл өгдөг, жилд нэг удаа ирж тайлан өгдөг. СЗХ ны томоохон пункц нь хяналт шалгалт, гэвч төсвийн хүндрэлтэй байдлаас болоод орон нутагт ажиллаж чаддаггүй.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:
-Дүрмийн санг нь архи, спиртийн үйлдвэртэй жишээд байх юм, буруу шүү. Нөхдийнхээ оруулж ирсэн санал дээр хэрэгжилтийг нь хармаар байна. Хамтын шийдвэр гаргаад ороод ирэхээр нь байнгын хорооны хурал дээрээ балбаад байж болохгүй. Дүрмийн санг 2.5 тэрбум болгон нэмэгдүүлсэн алдаатай бодлогоос болоод банк бус санхүүгийн байгууллага хохирох юм бол хариуцлага яръя. СЗХ иргэдээ эрсдлээс хамгаалах ёстой. Зээлийн барьцаа байхгүй зээл өгчихөөд дараа нь хулгар чихтэй хүмүүс очиж дарамтлаад орон гэр бүх юмаа алдаж байна шүү. Ломбардаас зээл авахад бүгд нээлттэй.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан:
-Маш чухал асуудал эмзэг болчихоод байна. Яаж урагшлуулдаг юм байгаа. Монголбанк жил бүр УИХ-аар Мөнгөний бодлогыг батлуулж чиглэлээ авдаг, тэрэнтэй ижил СЗХ бичиг баримттай болох. УИХ аас чиглэл авах, хэт хутгалдахгүйгээр. Ингэвэл УИХ тай харилцдаг шугамтай болох юм. Дүрмийн санг энд ярьж маргалдах нь жижиг асуудал. Дүрмийн сангийн асуудлаа хуультайгаа холбоод эргэж нэг хараарай. Танай банк бус санхүүгийн байгууллага хэд хэдэн чиглэлтэй.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Манай улсад бизнес хийхэд эрүүл бус орчинтой. Хөрөнгө, санхүү, банкны салбарын эрүүл бус нөхцөл байдал үүнд нөлөөлдөг. Энэ салбаруудаа яаж хөгжүүлэх талаар нэн яаралтай бодлого гаргах хэрэгтэй. Банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн санг 2.5 тэрбум төгрөг болговол тэнд арилжааны банк охин компаниа ажиллуулж чадна. Эрүүл өрсөлдөөнтэй болгох боломжийг хааж байна. Ингэхээр юун мэргэжлийн Засгийн газар, мэргэжлийн удирдах хүн бэ? Энэ чинь банк, бус санхүүгийн байгууллагын өрсөлдөх боломжийг хааж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ