Төрийн банкийг эрсдэлгүй байлгахад хязгаарлалт хийж ирсэн

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн банкны хувьчлалын бэлтгэл ажлыг хангах асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Төрийн банкны захирал Д.Баярсайхан гишүүдийн асуултад хариулсан юм.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан:
-Хэрвээ хувьчлагдаад явбал захиргаадалт, дарамт үүсэх үү? Танай захирлуудын хэн нь том нь бэ? 100 гаруй ажилтнуудын 70 нь захирал байдаг гэсэн.
-Дарамтлах шалтгаан байхгүй. Төрийн банкны дүрэмд өөрчлөлт ороод зах зээлийн хямралтай үед хувьчлалын бэлтгэлийг хангахаар миний бие Ерөнхий захирлын хувьд ТУЗ-тэй гэрээ хийгээд ажиллаж байгаа. Банкны хуулийн дагуу банкны засаглалд нийцсэн гүйцэтгэх захирал Цэндсүрэн гэж хүн байгаа. Хэлтсийн захирлуудаа оруулаад 64 захиралтай.
УИХ-ын гишүүн Б.Ганбаатар:
-Танай банкны үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ байна уу?
-Төрийн банкийг анхнаас нь эрсдэлгүй байлгах тал дээр Сангийн яам, Монгол банк хязгаарлалт хийж явсан. Үндсэн харилцагч их, бусад банктай өрсөлдөөд байна гэж харагдаад байгаа нь төрөөс хэрэгжүүлсэн олон төсөл арга хэмжээнүүд дээр ажилласан юм билээ. Тухайлбал, тэтгэврийн зээл, малчны зээл, цалингийн зээл зэрэг. Зээлийн багцаа хэрэглээний бодлогоо зохицуулсан. Тийм ч учраас нийт банкны системд эрсдлийн үнэлгээ хамгийн бага байгаа.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва:
-Төрийн банк энэ ондоо хувьчлагдвал үнэ цэнэд хүрэх үү?
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа:
-Энэ ондоо багтааж хувьчлалаа зохион байгуулна. Системийн дөрвөн том банкны нэг. Монгол Улсын бүх иргэд харилцагч нь байдаг. Тиймээс бид зөв менежменттэй ажиллана. Олон улсын эксперт авч магадгүй. Хувьчлалын асуудлыг энэ онд оруулж баталсан. Үнэ цэнийн хувьд тодорхой хэмжээний зүйл эрсдэл үүсч магадгүй гэсэн болгоомжлол байгаа. Гэхдээ Төрийн банк үнэ цэнэд хүрэх байх гэж тооцоолж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ