Цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлыг шуурхайлахыг даалгана

Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Туул голын бохирдлын асуудлаар ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Улаанбаатар хотын хэмжээнд бохир ус цэвэрлэх долоон байгууламж ажилладаг байна. Харин байгууламжууд бохир усаа Туул гол руу нийлүүлдэг нь бохирдлын хамгийн гол шалтгаан болжээ.
Туул голын ай сав газар ашигт малтмалын олборлолт, хайгуул хийж байгаа аж ахуйн нэгж ч цөөнгүй байгаа гэнэ. Жишээлэхэд, Төв аймгийн Заамар суманд алтны ашиглалтын 10, хайгуулын 98 лиценз олгогджээ. Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал ус нийлдэг зургаан цооногоос мэргэжлийн байгууллагууд дээж авч судлахад хүн амын эрүүл мэндэд хортой хром, мөнгөн ус, зэс, цайр зэрэг хүнд металлуудын бохирдол маш өндөр гарсан байна.
Үүнтэй холбоотойгоор Ажлын хэсгээс Туул голын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага байгааг анхаарууллаа. Арьс ширний үйлдвэрүүд бохир усаа Харгиа цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг. Тиймээс байгаль орчныг шууд бохирдуулдаг гэж буруутгах боломжгүй тул Эрүүгийн хэрэг үүсгэх бололцоогүй байна. Цаашдаа энэ асуудлыг хариуцлагатай болгохын тулд усны инженерүүдэд улсын байцаагчийн үнэмлэх олгож, торгох эрхийг өгөх шаардлагатай юм байна.
Харин ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тухайд холбогдох хуулиар тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах боломжтой юм байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа хэлсэн юм. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-Төв цэвэрлэх байгууламжид 8.1 тэрбум төгрөг зарцуулахаар хөрөнгийг гаргасан. Харгиаг шинэчлэх хэмжээний хөрөнгийг хотын төсвөөс гаргасан ч технологийн шинэчлэл буруу яваад хор саармагжуулах бодисыг жил бүр улсын төсөвт 80-90 сая төгрөгөөр суулгадаг болсон. Хөрөнгө оруулалтын үр ашгийг үнэлж үзсэн үү гэсэн асуултад Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан:
-Төв цэвэрлэх байгууламжид засвар хийх зорилгоор Ерөнхий сайдын багцад 8.1 тэрбум төгрөг суулган, шийдэрлэж өгсөн. Ажлын хэсэг ажиллаж байгаа. Эцсийн дүгнэлт гараагүй. Нийт 25 ажил төлөвлөснөөс 100 хувь биелсэн 12 ажил бий. Зарим ажил огт хийгдээгүй ажлууд ч байгаа. Гэтэл 3.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Заримд нь 100 хувь санхүүжилт олгосон хэрнээ ажил нь яваагүй хэмээв.
Ийнхүү Өргөдлийн байнгын хорооноос уг асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхөөр болсон юм. Туул голыг тусгайлан хамгаалах, бохирдлыг бууруулах, цаашид бохирдлоос урьдчилан сэргийлэх, тодорхой эрх бүхий байгууллагад хариуцуулах, улсын тусгай хамгаалалтад авах чиглэлээр судлан, хууль бусад шийдвэрийн төсөл боловсруулан УИХ-д мэдүүлэх юм байна.
Мөн Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлыг шуурхайлах чиглэлд анхаарч ажиллах, нээлттэй тендэрийн шалгаруулалт явуулж, шинээр төв цэвэрлэх байгууламж барих ажлыг гүйцэтгүүлэх, Туул голын орчимд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосны улмаас эвдрэлд орж, нөхөн сэргээлт хийдгээгүй талбайд байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэн, нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулах, Төв аймгийн Заамар сумын нутагт олгогдсон алтны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хуулийн хэрэгжилтийг хангуулах зэрэг 10 гаруй асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхөөр боллоо.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ