Таван хүний гурав нь халдвар авснаа мэддэггүй

img

Монгол Улсад ХДХВ-ийн халдвартай байж болзошгүй 5 хүн тутмын 3 нь халдвар авснаа мэддэггүй гэх судалгааг Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргажээ. Иймд халдвар авсан эсэхээ мэдэхийн тулд жилд нэг удаа зайлшгүй шинжилгээ өгөх шаардлагатайг эмч нар зөвлөж байна.

 

Эрсдэлд өртсөн хүмүүс ХДХВ, БЗДХ авсан эсэхээ мэдэх цорын ганц арга нь шинжилгээ өгөх бөгөд ингэснээр цаг алдалгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, эмчилгээнд хамрагдах боломжтой. Шинжилгээ өгөх боломжтой боломжтой эмнэлгүүдийн байршил, хаягыг http://www.shuud.mn/content/read/476462.htm холбоосоор харж болно.

 

Өртөлтийн өмнөх сэргийлэлт:

 

Бэлгийн хосын нэг нь ХДХВ-ийн халдвартай, нөгөө нь халдваргүй үед ХДХВ-ийн халдваргүй хүнийг ХДХВ-ийн эсрэг эмчилгээнд хамруулж өртөлтийн өмнөх урьдчилан сэргийлэлт хийнэ. Мөн өндөр эрсдэлт бүлэг болох эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд /ЭБЭ/ бүлгийг ХДХВ-ийн өртөлтийн өмнөх урьдчилан сэргийлэлтэд оруулахыг ДЭМБ-аас зөвлөж байна.

 

Өртөлтийн дараах сэргийлэлт:

 

ХДХВ-ийн халдварын эрсдэлд өртсөнөөс хойш 72 цагийн дотор халдварыг таслан зогсоох зорилгоор эмчилгээнд хамруулахыг өртөлийн дараах сэргийлэлт гэж хэлнэ. ДЭМБ-ын зөвлөмжид өртөлтийн дараах сэргийлэлтийг хүүхэд болон насанд хүрэгчдэд ажил мэргэжилтэй холбоотой болон холоотой бусаар ХДХВ-ийн халдвар авах эрсдэлд өртсөн тохиолдол бүрт бүрэн хамруулахыг онцгойлон заасан байна.

 

ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх:

 

ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхдэд урьдчилан сэргийлэх эмчилгээ хийгээгүй бол жирэмсний үед төрөх үед халдвар дамжих эрсдэл 15-45 хувь, төрсний дараа хөхний сүүгээр дамжин халдварлана. Эх ба хүүхдийг ХДХВ-ийн эсрэг эмчилгээнд хамруулснаар халдвар дамжих эрсдлийг бүрэн зогсоох боломжтой.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ