ТҮЦ-үүдийг “ургуулсан” Төрийн журам

25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр таван ТҮЦ байна. Бохь чихэр зардаг, сонин борлуулдаг, гутал засдаг гэхчлэнгээр эгнүүлэн тавьсан таван ТҮЦ автобусны буудлыг бүхэлд нь эзэлдэг. Автобусанд суух гэж байгаа, хүлээж буй хүмүүс нааш цааш зөрж, зэрэгцэхийн тулд ТҮЦ-үүдийг тойрно эсвэл автомашины замаар явна. Нэг л өглөө гараад ирэхэд хаанаас ч юм ийм олон ТҮЦ “ургачихсан”.
НИТХ-ын 2014 оны тогтоолоор батлагдсан журам бий. Тус журмаар ТҮЦ-ийн бүх эрхийг дүүргүүдэд шилжүүлсэн. Зөвшөөрөл өгөх, цуцлах эрх гээд стандарт хяналт тавих зэргийг дүүргүүдийн Худалдаа үйлчилгээний хэлтэс хэрэгжүүлэх ёстой. Гэвч төрийн байгууллагынхан эрхээ хэрэгжүүлж чадахгүй, ТҮЦ-ийнхэнд дээрэлхүүлж байна. Аргаа барсан дүүргийн худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн “АСЕМ-ын үеэр чамгүй сайн цэгцэлсэн ТҮЦ-ийн тоо өнөөдөр захаа алдлаа. Нүүх шаардлага өгөөд ч нэмэргүй, биднийг тоохгүй. Албадан нүүлгэе гэхээр Газрын албанд төсөв байдаггүй” хэмээн зовлон тоочиж сууна.
Нийслэлд нийт 1000 гаруй ТҮЦ байна. Тэдний 757 нь зөвшөөрөлгүй. Автобусны буудал, гудамж, замын хажууд хэд хэдээрээ эгнэж байгаа ТҮЦ-үүдийн ихэнх нь зөвшөөрөлгүй гэсэн үг. Товчхондоо хяналтгүйгээс иргэд дур дураараа, хүссэн газраа амбаар байрлуулж, чихэр, тамхи, ундаа зарж байна.
Саяхан Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар болон дүүргүүдийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн байцаагч нар зургаан дүүрэгт байрлаж буй ТҮЦ-үүдийг шалгажээ. Зөвхөн Сүхбаатар дүүрэгт гэхэд 170 гаруй ТҮЦ байна. Тэдний тун цөөхөн хэсэг нь зөвшөөрөлтэй. Хан-Уул дүүрэгт гэхэд нэг ч ТҮЦ-ийн зөвшөөрөлгүй өгөөгүй байхад л автобусны буудал, зам талбайд ТҮЦ “ургачихдаг”. Зайсан орчмын ТҮЦ-үүд бүгд зөвшөөрөлгүй гэдгийг албаны хүн хэлж буй.
Хяналтын байгууллагуудын шалгалтаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийн 98 хувь нь хуулийн зөрчилтэйг тогтоожээ. Зөвшөөрөлгүй цэгт ТҮЦ байрлуулснаас эхлээд тамхи ширхэглэдэг, түргэн муудах хүнснийг зориулалтын бусаар хадгалж зардаг, гарал үүслийн гэрчилгээгүй хагас боловсруулсан бүтээгдэхүүн борлуулдаг гэхчлэнгээр хүний эрүүл мэнд, амь настай холбогдох олон зөрчлийг илрүүлсэн байна. Мөн шатахуун түгээх станцаас 20 метр зайтай байх ёстой гэсэн дүрэм журмыг зөрчсөн ТҮЦ ч цөөнгүй бий.
Харин энэ бүх замбараагүйтлийн эх үндэс нь хөрсөнд буугаагүй дүрэм журам гэнэ. НИТХ-ын 2014 онд баталсан журамд стандартад нийцээгүй, эрх зүйн үндэслэлгүй зүйлсийг тусгасан учраас зөрчил их гардаг гэдгийг хяналтын байцаагчид нь хэлж байна. Бүр ТҮЦ-ийн загвар, стандарт нь ч тодорхой бус аж. Хоёр ч загвар гарч, нэг компанид давуу эрх олгосон, иргэдийн мөнгийг идсэн гэхчлэнгээр багагүй хэл ам гарч байсан удаа ч бий. Тиймээс ч иргэд өөрийн хүссэн өнгө, загвараар амбаар босгож, хотын гудамжинд байрлуулан, тамхи ширхэглэж байна.
Төрийн байгууллагын уялдаагүй, сул дорой байдал, дүрэм журмын оновчгүй зүйл заалтаас үүдэж иргэд буруутан болж, чамгүй хөрөнгө мөнгө гаргаж босгосон ТҮЦ-ээ нураалгах, нүүлгэхдээ тулаад байна. Хэрвээ төрийн хянагчид чанга байсан бол хөрөнгөөрөө тоглохыг хэн хүсэх билээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ