Б.Солонго: Шүүмжлэх эсвэл хоосон өрөвдөх хэрэггүй

Идэр ес хаяанд ирж байхад зутруухан яваа хэсэг бол хараа хяналтгүй хүүхдүүд. Эдгээр бяцхан багачуудыг нийгэмшүүлэх амьдралд зөв хөл тавиулахын төлөө бүх цаг ажлаа зориулж яваа “Сайн ирээдүйн төлөө” ТББ-ын тэргүүн Б.Солонготой ярилцлаа.
-Байгууллагынхаа тухай танилцуулаач
-Манай байгууллага нь 2010 оны 1-р сараас эхлэн хараа хяналтгүй хүүхдүүдэд нийгмийн үйлчилгээг сайн дурын үндсэн дээр үзүүлж эхэлсэн. Одоогийн байдлаар яг харилцаа холбоо тогтоож, долоо хоног бүр уулздаг 78-н хараа хяналтгүй, гудамжинд амьдардаг хүүхдүүдэд нийгэмшүүлэх үйлчилгээг үзүүлж байна. Мөн захын гэр хорооллын эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа 120 хүүхдүүдтэй биечлэн уулзаж судалгаа явуулсан ба тэдгээрээс 52 хүүхдэд нь бодит тусламж үйлчилгээг үзүүлж байна.
-ТББ гэхэд их ачаалалтай ажилладаг харагдаж байна.
-Дээр дурдсанчлан манай байгууллага хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Нэгдүгээрт нийслэлийн хэмжээнд байгаа хараа хяналтгүй хүүхдүүдийг нийгэмшүүлэх ажлыг хийдэг. Ингэхдээ долоо хоног бүрийн Баасан гарагт хараа хяналтгүй хүүхдүүдтэй уулздаг. Ингэж уулзахдаа янз бүрийн хөтөлбөрийг хийдэг. Унших бичих хичээл заадаг, зан чанарын хичээл заадаг, сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг. Мөн хамтдаа хоол хийж иддэг. Сард нэг удаа хамт заал аваад сагс тоглодог. Ингэж хамтдаа тоглож байх үедээ бид илүү дотно харилцаатай болж чаддаг. Мөн сард нэг удаа шаардлагатай хүүхдүүдийг эмнэлгээр дагуулж үзлншт хамруулдаг. Зарим тохиолдолд хүүхдүүд яр шархнаасаа болоод халуурч зовиурласан байдалтай ирдэг учраас эмнэлэгийн тусламж зайлшгүй шаардлагатай байдаг.
Мөн цагдаагийн байгууллагтай байнгийн холбоо харилцаатай ажиллаж хүүхдүүд маань хэрэгт холбогдвол батлан даагч нь болдог. Жил бүр “Би даармааргүй байна” гэсэн сэдэвтэй өвлийн хувцас цуглуулах аян нийслэлийн хэмжээнд зохион байгуулдаг. Энэ ажил маань одоо ид явагдаж байна.
Хоёрдугаарт захын гэр хорооллын эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдүүдтэй ажиллах нь цаашлаад хараа хяналтгүй хүүхдүүдийн тоог бууруулахад маш чухал ач холбогдолтой байдаг. Өөрөөр хэлбэл эдгээр эрсдэлд байгаа буюу ар гэр бүл нь архичин, хүчирхийлэгч байгаа тохиолдолд хүүхдүүд гэрээсээ дайждаг. Хүүхдүүд хэзээ ч эцэг эхээсээ дайждаггүй харин хүчирхийлэл архидалтаас дайждаг. Тиймээс бид эдгээр хүүхдүүдийн амьдралд бага ч гэсэн нөлөөлж ирээдүйдээ зөв алхам хийхэд нь тусалдаг. Долоо хоногт хоёр удаа өдөр өнжүүлэх ажиллуулдаг. Одоогийн байдлаар СХД-н Орбитод мөн СБД-т өдөр өнжүүлэх тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Өдөр өнжүүлэх маань хүүхдүүдийг гэрийн даалгаварыг нь хийлгүүлж, хооллож, зан чанар, гар урлалын хичээл заадаг. Мөн захын гэр хорооллын 25-н хүүхдэд сар бүр 30.000-60.000 тэтгэмж олгодог. Энэ маань “Нэг Монгол хүүхдийн ард нэг Монгол хүн” хэмээх хөтөлбөр юм. Хүсэл мөрөөдөлтэй, зорилготой хүүхдүүдийгн амьдралд бага ч гэсэн тусламж үзүүлэх нь энэ хөтөлбөрийн гол зорилго юм.
-Танай байгууллага өөрсдийнхөө үйл ажиллагаагаар дамжуулан нийгэмд ямар дуу хоолойг хүргэхийг зорьж байгаа вэ?
-Бид Монгол улсынхаа төлөө гэж цээжээ дэлдэх дуртай хүмүүс. Тэгсэн хэр нь бодит амьдралд бүгд л өөр өөрсдийнхөө хувийн ашгийн төлөө явах хандлага ихтэй. Бидний хувьд эдгээр хүүхдүүдийн төлөө ажиллаж байгаа нь эх орон, ирээдүйн хойч үеийнхээ төлөө хийж байгаа юм. Хэрэв бид эдгээр хараа хяналтгүй хүүхдүүдийг нийгэмшүүлж чадвал гэмт хэргийн гаралт тодорхой хэмжээнд буурч, ирээдүйд бий болох архичидын тоо багасах гэх мэтчилэн тоочоод байвал олон эерэг үр дүн бий. Тиймээс бид өнөөгийн нийгэмд сөрөг үзэгдэл болоод байгаа эдгээр хүүхдүүдийн талаар шүүмжлэх эсвэл хоосон өрөвдөх хэрэггүй. Харин эдгээр хүүхдүүдийн төлөө ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, таниулан сурталчилж мөн сайшаан хүлээн аваасай гэж хүсч байна. Энэ бол жинхэнэ эх оронч үзэл байх болно.
-Хэрэв хэн нэгэн танай төрийн бус байгууллагын ажлыг сайн дураараа дэмжихээр шийдлээ гэж бодоход хэрхэн оролцох боломжтой вэ?
Бидний бүх л үйл ажиллагаанд ямар ч албан байгууллага, хувь хүн оролцох боломжтой. Жишээ нь: орлого сайтай хувь хүн байлаа гэхэд манай захын хорооллын хүүхдүүдийн судалгааг анкетыг үзэж байгаад нэг хүүхэд сонгоод сар бүр 30.000 төгрөгөөр дэмжижи болно. Манайд одоогийн байдлаар 200гаран хүүхдийн мэдээллийн сан байдаг. бид цаашид улам л нэмэгдүүлэх болно. Мөн албан байгууллага 2 ба түүнээс дээш эсвэл нэг хүүхдийг сонгоод дэмжиж болно. Өөртөө байгаа хэрэглэдэггүй боловч хэрэглэж болох бүх л төрлийн зүйлсээ хандивлаж болно. Хамтдаа заал авч сагс тоглож, хоол идэж хүүхдүүдтэй сэжиглэсэн харцаар биш бидний л үр хүүхэдтэй адил гэнэн цайлган боловч дааж давшгүй зовлон үүрээд явж байгаа бяцхан зүрхэнд дулаан сэтгэл мэдрүүлж болно. Энэ мэтчилэн бүхий л талаар тусалж дэмжихийг хүсч байгаа хүн бүрт, байгууллага бүрт манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Бидэнтэй 70110235 утсаар холбогдон хүүхдүүдийн төлөө хамтран ажиллах боломжтой.
Ярилцсан Д.БАЯР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ