Оффшорын төслийг буцаахыг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төсөлд төрийн өндөр албан тушаалтнууд оффшор бүсэд данстай байхыг хориглохоор заасан. Байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэх үед хууль санаачлагачид нь буцаах санал дэмжигдсэн юм. Байнгын хорооны гишүүд “оффшор бүсийг тодорхойлоогүй, оффшорын тодорхойлолт байхгүй байна. Гадаад улс гэдэг нийтлэг үгээр тодорхойлж болохгүй” хэмээн шүүмжилж байсан. Чуулганы хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж үг хэллээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Байнгын хорооны хуралдаанаар яагаад хуулийн төслийг буцаах санал дэмжигдсэн бэ? Энэ хуулиар оффшор бүсийг гадаад улсад гэж тодорхойлохоос өөр гарц байгаагүй.
Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:
-Оффшортой холбоотой асуудалд оффшор бүс, оффшор үйлчилгээ гэдэг хоёр зүйл байгаа. Бид энэ бүхнийг холиод яваад байна. Энэ бүгдийг хольж хутгахаар агуулга нь буруу яваад байна. Энэ бүхнийг тодорхой болгох хэрэгтэй гэсэн.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Бие даасан цомхон хууль гаргах шаардлагатай. Нийтийн албаны хуулиар 30-аад мянган хүн хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг. Хуульзүйн байнгын хорооны хурлаар оффшор бүс гэдгээ тодорхойлох, энэ асуудал нь гадаадын хөрөнгө оруулалтай хамаагүй, гэр бүлийн гишүүд оффшорт мөнгө хадгалсан бол мэдүүлэг гаргуулах гэсэн ерөнхий рамыг нь гаргасан. Одоо оффшорт мөнгө нуухыг хамгаалдаг хүмүүсээс болоод Хуульзүйн яам ялагдчихлаа гээд хэрүүл үүсгээд байх юм. Дэд сайд нар твиттерээр элдэв зүйл жиргэхийн оронд хуулийн ганц хоёр зүйл сурвал яасан юм. Нэг хуудас хуулийн төслийг 4 хуудас болгож УИХ батална гэж юу байх вэ? Асуудалд ингэж хандаж болохгүй УИХ-ын гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлсэний төлөө дутуу ажилласан Засгийн хүмүүс ялын дүгнэлт бичиж болохгүй. Хууль бичнэ гэдэг чинь тархиндаа бясалгал хийж байж бичдэг юм. Санал гаргасных нь төлөө шүүмжлээд байх хэрэггүй. Үндсэн хуулийн гэм буруу гэдэг чинь эрүүгийн хэрэг гэсэн үг. Энд гэм буруу, эрүүгийн хэргийн асуудал яриагүй. Амьдрал дээр өөрийнхөө нэр дээр биш үр хүүхдийнхээ нэр дээр бүртгүүлсэн зүйл яваад л байна. Дутуу зүйлийг Их хурлаа гарга гэж шахахын оронд би яагаад дутуу зүйл хийчих вэ гэж бодох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Улс төрчийн эхнэр хүүхдийг хүчээр аваачаад оффшорт данс нээлчихгүй нь лавтай. Тиймээс тусдаа хууль оруулж ирэх хэрэгтэй. Түүнээс бус ард иргэд оффшор бүст байгаа компани хөрөнгө оруулахыг, эсвэл дотоодын компани оффшор бүст данс нээхийг буруутгаад байгаа юм биш. Хамгийн гол нь нэг ч удаа аж ахуй эрхлээгүй мөртлөө цагаан гартай, цагаан захтай хүмүүс мөнгөжиж хөрөнгөжөөд байна вэ гэдгийг бодох хэрэгтэй.
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт:
-Хуулийн төсөл дутуу боловсруулагдан ороод ирлээ гэж байна. Бид хуулийн төслийг боловсруулах гэж олон улс орны туршлагыг судалсан. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийн явцад нэмэлт оруулаад батлах эрх нь УИХ-д хадгалагдаж байгаа. Энэ байдлаар цааш нь хэлэлцээд явж болно. Сайжруулах, санал гаргах үүрэгтэй. Бид тусад нь хууль гарах дээр ажиллаж байгаа. Энэ хуулийг буцаачихвал МАН оффшортой тэмцэхгүй, хууль бусаар хөрөнгөжсөн орлогоо хаацайлах гэж байна гэх хардлага явна.
Ийнхүү гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа. Ингээд байнгын хорооны саналаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг буцаахыг дэмжсэнгүй. Тиймээс хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийжг, бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүлэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ