Л.Гүндалай ба Д.Трамп

"Ард түмнээ хайрлая" намын дарга Л.Гүндалай өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр АН-д элсэхээр өргөдлөө өгсөн гэдгээ мэдээллийн эхэнд дуулгав. Түүний өргөдлийг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хүлээн авсан гэнэ.Өнгөрсөн оны гуравдугаар сард Л.Гүндалай АН-аас гарах өргөдлөө мөн Л.Эрхэмбаярт өгч байсан. Тэгэхээр Л.Эрхэмбаяр Л.Гүндалайгаас жилийн дотор хоёр ч өргөдөл хүлээн авлаа. Хэдхэн сарын өмнө илүү эрх чөлөө хүсч байна, шинэ нам байгуулна гээд гарсан гишүүн нь АН бол миний анхны хайр, намаа ашиглаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гээд ирлээ. АН ямар хариу өгөх нь сонирхолтой байна.
Л.Гүндалайгийн АН-д орох болсон гол шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших аж. Тэрбээр "Ард түмнээ хайрлая" намаас сонгуульд нэр дэвшээд хол явахгүй гэдгээ өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр хангалттай мэдэрчээ. Тиймээс энэ удаа том намын хаяа бараадаж, өөрийгөө сонгуульд сойх гэнэ. Энэ тухайгаа Л.Гүндалай "Дональд Трамп өөр жижиг намаас өрсөлдөх гэж оролдоод бүтээгүй. Бүгд найрамдах намд элсч сунгаанд ялж Ерөнхийлөгчийн төлөө нэр дэвшсэн. Хүн ер нь өөрчилье шинэчилье гэвэл зөв цагт зөв газраа байх ёстой. Тэр хувьсгалын тохироо нь одоо бүрдэж, Ардчилсан намд элсэхээр шийдсэн” гэсэн тайлбарыг өгөв. Л.Гүндалай АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгч Д.Трамптай өөрийгөө зүйрлэж, түүний замыг хамгийн оновчтой хэмээн сонгожээ.
Гэхдээ бадарчин баярлах болоогүй. АН Л.Гүндалайг хүлээн авах эсэх нь тодорхойгүй. Нэгэн цагт хаяад явсан намаа эрх мэдэлтэй болохын тулд ашиглана гээд эргээд ирж буй барьцгүй нөхрөөр АН дутахгүй. Тиймээс түүнээс татгалзахыг үгүйсгэх аргагүй. Арай гэгээлгээр төсөөлж, Л.Гүндалайг АН хүлээн авлаа гэж бодъё. Хамгийн бүрхэг асуудал нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэх Л.Гүндалайгийн мөрөөдөл. Хуулиараа парламентад суудалтай улс төрийн нам хүнээ Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг Л.Гүндалай шийдэхгүй гэсэн үг. АН-ынхан Л.Гүндалайг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж, нэгэнт унасан нэр хүндээ шалаар нэг болгохыг хүсэхгүй. Тэгэхээр түүний мөрөөдөл биелэхгүй байх магадлал 100 хувь.
Уг нь Л.Гүндалай Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн албан тушаалд очиж, улс орны хөгжүүлэх том мөрөөдөлтэй.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ