МАН-ыг тулхтай улс төрийн хүчин гэдгийг ард түмэн ойлгосон

МАН-ын долоодугаар бага хурал Тусгаар тогтнолын ордны Их танхимд эхэллээ. Хуралд МАН-ын дарга М.Энхболд сонгуулийн үр дүн, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар илтгэл тавилаа. МАН-ын дарга М.Энхболд илтгэлдээ "Улсын Их Хурлын сонгуулиар парламентын нийт суудлын 85.5 хувь буюу 65 суудлыг, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт бүрэлдэхүүний 70 хувь буюу 809 суудлын 566-г манай намын гишүүд авлаа. Энэ бол Монгол Ардын Намын хувьд сүүлийн 10 гаруй жил гарч байгаагүй том амжилт, үнэмлэхүй ялалт байлаа.
Түүнчлэн сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7296 мандатаас 4401 буюу 60.3 хувийг нь манай намынхан авчээ.
Энэ ялалт бол Монголын нийт ард түмний ялалт. Төрийн жолоог барьж чадах, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлт, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө тууштай зүтгэдэг, тулхтай, туршлагатай улс төрийн хүчин бол Монгол Ардын Нам гэдгийг манай ард түмэн бас дахин нэг удаа мэдэрч ойлгосон, тэр хэрээр ирээдүйнхээ төлөө эргэлт буцалтгүй хийсэн сонголт нь бүхэлдээ монгол түмний ялалт байлаа. Түүнчлэн ямар ч цаг үед намтайгаа, ард түмэнтэйгээ хамт байж, нэгэн үзүүрт сэтгэлээр хичээн зүтгэсэн Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчдийн тэмцэл зүтгэлийн үр дүн юм" гэдгийг тодотгов.
Бага хурлаар эдийн засгийн хүндрэл, төр, засгийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон намын дотоод асуудлыг хэлэлцэнэ. Тухайлбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг энэ хурлаар томилох юм байна. Тус намын Ерөнхий нарийн бичгийн даргад хэд хэдэн хүн өрсөлдөж буй. Одоо тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Амарбаясгалан ажиллаж буй юм.
Хурал одоо хаалттай үргэлжилж байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ