Генсекийн нэрийг Удирдах зөвлөлөөс дэвшүүлнэ
2016-12-12

МАН-ын VII бага хурал Тусгаар тогтнолын ордонд хаалттай хуралдаж байна. Хуралдаанаар намын бага хурлын гишүүдийг чөлөөлж, томилох, Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох  асуудлыг хэлэлцэх юм. Бага хуралын үйл ажиллагаатай холбогдуулан тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Намын даргын илтгэлд дурдсан. Сонгуульд МАН-ын үнэмлэхүй ялалт байгуулж, төр, засгийн эрхийг барьж байгаагийн хувьд хариуцлагатай байж, авлигаас ангид байх чиглэлд хэрхэн ажилллах талаар дурдлаа. Улс төрийн албан тушаалтнууддаа хариуцлагын гэрээ байгуулж ажиллах болно.  Өнөөдрийн Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох, орон тооны бус нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ.  

 

-Хэдэн гишүүнийг чөлөөлөх бол?

 

-Манай бага хурал 310 гишүүнтэй. Үүнээс 33 гишүүн бага хурлаасаа гарч, шинээр томилогдоно. 33 бага хурлын гишүүдийн 25 нь төрийн захиргааны албанд шилжсэн. Аймаг нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар бага хуралд квотоор орж ирдэг.

 

-Ерөнхий нарийн бичгийн даргын хэрхэн сонгох бол?

 

-Намын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлнэ. 2016 оны УИХ-ын сонгууль болсноос хойш миний бие МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж байна. МАН-ын нарийн бичгийн даргын үүргийг Удирдах зөвлөлийн гишүүн Н.Төмөрхүү гүйцэтгэж байгаа.  Үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсээ жинхлэх үү, өөр хүмүүсийн нэрийг дэвшүүлэх үү гэдэг нь Бага хурлын гишүүдийн мэдэлд байгаа.

 

-Та Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдвол ямар бодлого барьж ажиллах вэ?

 

-Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдвол цаашдаа МАН-ын байгууллагын өрсөлдөх чадвар, боловсрол,  бодлогын судалгаан дээр суурилсан улс төрийн үйл ажиллагаагаа явуулна. Улс төрийн намуудын бодлогын судалгаан дээр суурилж улс орныхоо нийгэм, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгсөн бодитой бие даасан мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн өрсөлдөх чадвартай хүчин байх ёстой гэж үздэг. Энэ чиглэлд ажиллаж 21 аймаг, 330 суманд  байгаа намын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлд ажиллана. Учир нь аймаг нийслэл сумдын төвшинд ялалт байгуулсан намын үйл ажиллагаа сулрах чиг хандлага байдаг. Үүнийг өөрчилж, хүчтэй улс төрийн хүчин байх чиглэлд гол анхаарлаа хандуулна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зөзөзө:
энэ нөхөр жинхлэх юм байна л даа
2016-12-12