Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж эхэлжээ

Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албан нүүлгэж, газар чөлөөлөх тухай мэдэгдэл гаргажээ. Үүнтэй холбогдуулан ТҮЦ эрхлэгч иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
Нийслэлд нийт 1000 гаруй ТҮЦ байдаг. Тэдний 757 нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж. Иймд Нийслэлийн өмчийн харилцааны газраас тус ТҮЦ-үүдийг албадан нүүлгэхээр болсон. Гэсэн ч үйлчилгээ эрхэлдэг иргэд гомдолтой буйгаа илэрхийлж байна.
Иргэдийн төлөөлөл “Төрийн албаны уялдаа холбоогүй шийдвэрээр олон хүн хохирч байна. 2014 онд баталсан тогтоол, тухайн үеийн удирдлагуудын заавраар шинэчлэсэн загварын ТҮЦ-үүдийг өр зээл тавин худалдаж авсан. Гэтэл өнөөдөр өр зээлээ төлж дуусаагүй байхад дахин үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарлаа. Бидний хохирлыг буруу шийдвэр гаргасан тухайн үеийн удирдлагууд хариуцах уу, хохирлыг хэн барагдуулах вэ. Иймд Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газар бусад холбогодох байгууллагууд энэхүү асуудалд анхаарал хандуулаасай гэж хүсэж байна” хэмээв.
Мөн тэд Нийслэлийн удирдлагуудад хамтран ажиллах, зөвшилцөлд хүрэх хүсэлтэй буйгаа дуулгалаа.
Өнөөдрөөс зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж эхэлсэн байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ