Л.Гантөмөр: Юун 250 сая төгрөг вэ

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн дэлгэсэн 250 сая төгрөгийн дэнчин АН-ын даргад өрсөлдөхөөр зэхэж байсан хүмүүсийг цочирдуулж эхэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр "Ардчилсан намыг шинэчлэх ёстой гэдэг нь алхам тутамд л харагдаж байна даа. Юун 250 сая төгрөг вэ..." хэмээн дургүйцлаа илэрхийлжээ. Тэрбээр намын даргад өрсөлдөхөөр эртнээс бэлтгэлээ базаагаад буй юм.
Мөн АН-ын даргад өрсөлдөхөөр нэр нь яригдаж буй Г.Батхүү "АН-ын даргад нэр дэвшье гэвэл 250 сая төгрөг намд төлөөд дээр нь гарах зардлыг нэмж гарга гэнэ. Ийм өндөр татвар авч болохгүй ээ" хэмээн өөрийн суурийг илэрхийлсэн байна.
Даргын суудалд өрсөлдөх хүн 250 сая төгрөгийн урьдчилгааг намдаа тушаах шаардлагыг АН-аас тавиад буй аж. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Намын даргад өрсөлдөж буй хүмүүсээс 250 сая төгрөг авах гэж байгааг би эсэргүүцэж байна. Надад 250 сая төгрөгийг бэлнээр гаргаж өгөх боломж байхгүй. "250 сая төгрөг өг" гэж буй нь Ж.Батзандан шиг хүмүүсийг өрсөлдөх боломжгүй болгож байна. Г.Батхүү шиг хүмүүсийн өрсөлдөх боломжийг нээж өгч байна. 250 сая төгрөгийн дэнчиг багасгаж дор хаяж 100 сая болгох хэрэгтэй" гэсэн байр суурийг илэрхийлээд буй.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ