Хуралдаандаа тааллаараа оролцохгүй шүү, гишүүд ээ

Шинэ парламент бүрдэж УИХ-д нэг нам үнэмлэхүй олонхи болсон ч хуралдааны ирц бүрдэхгүй хүлээгддэг, хойшилдог үзэгдэл хэвийн үргэлжилсээр байна. УИХ-ын дэгийн тухай хуулиар гишүүдийн 51 хувийн ирцтэйгээр хуралдаан эхлэх заалттай. Гэвч ирц бүрдээгүйгээс хуралдаан хойшилж, энэ хэрээр тухайн өдөр хэлэлцэх асуудал ч дараагийн долоо хоногт шилжин ухардаг. УИХ, байнгын хороогоор хэлэлцэх тухайн долоо хоногийн хуваарийг УИХ-ын даргын зөвлөлөөс хэлэлцэн баталдаг билээ. Тиймээс ч хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан хууль, тогтоолын төслөө яам, тамгын газрынхан бэлтгэж ирээд, гишүүдийн ирц бүрдэж, хуралдаан эхлэхийг хүлээж Төрийн ордны коридорт сахин сууж байгаад тардаг. Энэ долоо хоногт байнгын хорооны хуралдаан хүлээж, яам тамгын газрынхэн, хэвлэлийн хүлээсээр үр дүнгүй тарцгаасан. Гишүүдийн ирц бүрдээгүйгээс хуралдаж чадаагүй хэлэлцэх хугацаа нь тулсан хуулийн төслийг чуулганы хуралдаантай зэрэгцэн байнгын хороо хуралдаж шийдвэрлэгдэг үзэгдэл энэ УИХ-д ч давтагдаж байгаа.
Өнөөдрийн тухайд УИХ-ын чуулган хуваарийн дагуу 10.00 цагт эхлэх товтой байлаа. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүй, хүлээгдсээр 11.00 цагт эхлэв. УИХ-ын дарга ОХУ-д айлчилж байгаа. Тиймээс УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хуралдааныг даргалах үүрэгтэй. Өнөөдрийн ирцийн мэдээллээр гадаадад, дотоодод томилолттой, өвчтэй, чөлөө авсан гишүүдийг хасаад 60 гишүүн хуралдаандаа хүрэлцэн ирэх ёстой аж.
Ирц бүрдэхгүй байгаад бухимдсан УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хуралдаандаа ирээгүй гишүүдийн нэрсийг дуудан зарлаж сууна. Тэрбээр “Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралд ирэхгүй байгаа гишүүдийн талаар сонгогчдод мэдээлэл өгч байх нь зөв. АН-ын зүгээс, О.Баасанхүүгийн зүгээс зөв шаардлага тавьж байгаа. Алийн болгон замбараагүй байдлаар амьдрах юм. Их хурлын бүрэн эрх нь эхлээгүй ирц нь бүрддэггүй УИХ гэж юу байхав. Ингээд суугаад байхад хэн хариуцлагатай болох вэ, бид хэнээс хариуцлага ярих вэ. Цаад талд нь ажлын хэсэгт орсон яам, тамгын газрын хүмүүс ирээд бүтэн өдөржин хурлын ирц хүлээгээд сууж байна. Сонгогчид УИХ цаг тухайд нь хариуцлагатай байгаасай гэж өөр сонголт хийсэн. Сонгогчдын итгэлийг дааж ажиллаарай. Ер нь чуулган дундуур байнгын хорооны хурал хийж, үймүүлдгээ болимоор байна. Цагтаа хуралдаад байнгын хороогоо дуусгадаг хэлбэрт шилжмээр байна. АН-ын ирц шиг цаашид ажиллаад байх юм уу. Гишүүдийн туслахууд гишүүдээ унтаж байвал гэрээс нь очиж авчир” хэмээн бухимдав.
Аль ч парламентын үед гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэх асуудал УИХ дахь бүлгийн даргаас эхлээд УИХ-ын даргын “толгойны өвчин” болсоор ирсэн. Тиймээс ч өнгөрсөн парламентын үед хуралдааны ирцийг бүрдүүлэх үүднээс чуулганы танхимын үүдэнд хуруу уншуулах төхөөрөмж тавихаар яригдсан нь гишүүдийн эсэргүүцэлтэй тулсан билээ. Чуулганы хуваарьт хуралдаантай өдөр өглөөний ирц бүрдлээ гэхэд үдээс хойшхи гишүүд үзэгдэхээ больдог. Тиймээс үдээс хойшхи хуралдааныг өглөөний ирцээр бүртгэн явуулдаг байхаар УИХ-ын дэгд заасан. Гэхдээ өглөөний ирцээр явагдах үдээс хойшхи хуралдаан 10 гаруй гишүүд хүрэлцэн ирдэг нь үнэн. Нэг ёсондоо ирцгүйгээр хуралддаг гэсэн үг.
Ер нь сүүлийн жилүүдийн парламентын бүрэлдэхүүнийг ажихад улстөрчид гэхээсээ бизнесийнхэн түрэн орж ирсэн талтай. Өнөөдрийн парламентад мэргэжил боловсрол нь хууль, эдийн засагч, гэх ч үндсэндээ бизнесээрээ олонд танигдсан эрхмүүд түлхүү байгаа. УИХ-д сонгогдсоноор эрхэлж байсан бизнесээ гэр бүлийн хэн нэгний нэр дээр шилжүүлдэг. Гэв бизнесийнхээ асуудлыг эхэнд тавьж, анхаарал хандуулдаг нь нууц биш биз. Олон жилийн өмнө парламентад сонгогдсон нэгэн эрхэм “Би чөлөөт цагаараа УИХ-д ирж суудаг” хэмээн бахархалтайгаар ярилцлага өгч байсан билээ.
УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй. УИХ-ын гишүүний үндсэн ажил нь хуулийг санаачлах, сурталчлах, хэрэгжүүлэх үүрэгтэй билээ.
Үндсэн хуулинд УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч тааллаараа оролцох заалттай. Харин үндсэн үүрэг хүлээсэн гишүүд тааллаараа бус ухамсартайгаар хуралдаандаа цаг барьж ажиллах ёстой. Гэвч өнөөг хүртэл гишүүд цаг барьдаггүй, хуралдаанаа тасалдаг хэвээр. Хуралдаандаа хоцорлоо, тасаллаа гээд цалингаас нь хасалт хийж, хариуцлага тооцох заалт байхгүй. Уг нь энэ заалтыг УИХ-ын дэгд нэмэх эрх бүхий эрхмүүд нь парламентын гишүүд өөрсдөд нь хадгалагдаж байгаа. Гэвч эрхээ эдлэхдээ хариуцлага үүрэхийг хүсдэггүй талтай.Уг нь УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг эдлэхдээ наанадаж ажилдаа цагтаа ирдэг хариуцлагыг хүлээдэг баймаар.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ