Гэр бүлийн харилцааны алхам бүрийг эрүүжүүлэх үү
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Анхны хэлэлцүүлгээр 103 зарчмын зөрүүтэй санал хураалт явагдлаа. Уг хуулийн төсөлд гэр бүлийн хүчирхийллийн асуудал анх удаа дуудагдсан тохиолдолд захиргааны хэргээр арга хэмжээ авна. Удаа дараа давтагдвал гэмт хэргийн шинжтэй гэж үзэн эрүүгийн хэргээр шүүнэ. Хэрвээ нэхэмлэгч тал гомдлоо эргүүлж татсан ч шүүхийн байгууллага асуудлыг хаахгүй үргэлжлүүлэн шийдвэрлэхээр заасан байлаа. Үүнийг эргэж харах хэрэгтэй гэсэн байр суурийг гишүүн Д.Лүндээжанцан хэлэв. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлж,
-Гэр бүлийн хоёр зөрчилдөөд эхнэр нь гомдлоо татаж авсан тохиолдолд заавал шүүхээр шийдвэрлэх шаардлагатай юу. Цаана нь 500 малтай, олон хүүхэдтэй, борог амьдралтай эхнэр л үлдэнэ шүү дээ. Суурьшмал амьдралтай газар болох л байх. Энэ асуудал хөдөөний амьдрал дээр бууна. Монгол хууль хоёр өөр нөхцөлтэй амьдрал дээр байдаг. Одоогийн үйлчилж байгаа хуулиар гомдлоор шийддэг хоёрхон хэрэг байдаг. Аймгуудад зөвхөн аймгийн төв дээр шүүх бий. Гэтэл хөдөөгийн малчин хүнийг дахин дахин аймаг руу дуудах хэрэг гарна. Амьдралаас зөрсөн хууль батлагдахаар шүүмжлэл хүлээдэг юм. Нарийндаа англи, саксоны орнуудын хууль энэ хуульд гүн гүнзгий сууж байгаа шүү, бодолцоорой хэмээж байлаа. Дээрх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад Засгийн газрын санал дэмжигдсэнгүй. Тиймээс дахин уг асуудлыг хэлэлцэхээр боллоо.
Мөн хуулийн төсөлд "хатуу ширүүн тохуурхан харьцсан тохиолдлыг гэмт хэрэгт тооцох"-оор тусгажээ. Үүнд гишүүд мөн л эргэлзээтэй хандаж байлаа. “Харгис хэрцгий харьцсан гэдгийг юу гэж ойлгох вэ. Эрүүгийн хуулийг гэр бүлийн харьцааны алхам тутамд шигтгэж байна. Жишээлбэл, хөдөө дүрсгүйтээд байгаа хүүхдийг аав нь мориор хөөж хөлсийг нь гаргачихдаг сайн аргатай. Гэтэл энэ нь гэмт хэрэгт холбогдсон болох нь" хурал даргалагч хэмээн анхааруулав.
Ийнхүү Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийн анхны хэлэлцүүлийг хийж холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ