Агаарын бохирдлын эсрэг 30 гаруй ээж жагсана

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Утааны эсрэг ээжүүдийн холбооны санаачлагаар баг насны хүүхэдтэй ээжүүд нэгдэн агаарын бохирдлын эсрэг жагсаал зохион байгуулахаар болжээ. Тэд өчигдөр /2016.12.19/ Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэст жагсаал зохион байгуулах зөвшөөрөл хүссэн өргөдлөө хүргүүлсэн байна.

 

Уг тайван жагсаалд 30 гаруй эмэгтэй оролцож Улаанбаатар хотын хорт хийн улмаас хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирч байгаа асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх аж. Тэд тайван жагсаалаа энэ сарын 26-ны даваа гарагийн 10.00-18.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

 

Агаарын бохирдолд бага насны хүүхдүүд илүү өртөж, эрүүл мэндээрээ хохирч байгааг НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан  “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” тайланд шинжлэх ухааны үндэслэлтэй дурьджээ.

 

Хүүхэд насанд хүрэгчдийг бодвол хоёр дахин хурдан амьсгалдаг учир  амьсгалын замын хүнд өвчин тусах магадлал өндөр байдаг байна. Тухайлбал, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь тэргүүлэх шалтгаан хатгалгаа өвчин эзэлж байгаа ажээ. Ханиад хүрч хатгалгаа болох гол шалтгаан нь агаарын бохирдол гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Агаарын бохирдлыг шийдвэрлэхэд хүн бүр утаа гаргадаг юмаа больчих хэрэгтэй.Хүн бүр машин унахаа больж.айл бүр нүүрс түлэхээ больж асуудлыг өөр гарцаар шийдэх хэрэгтэй.Утааг бид өөрсдөө үйлдвэрлэж байна.Агаарын чанарыг сайжруулах нэрээр алга болсон мөнгөө олж аваасай
2016-12-20