Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төслийг хэлэлцэхийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Т.Аюурсайхан гишүүний санаачилсан уг хуулийн төсөлд хэрэглэгчээс ирүүлсэн гомдлыг эхлээд аж ахуй эрхлэгч шийдвэрлэхээр, улмаар арбитр, төрийн захиргааны байгууллага, эцэст нь шүүхээр шийдвэрлүүлдэг байхаар тусгажээ.
Мөн зах зээлийн харилцаанд шинээр үүсэн гарч буй харилцааг зохицуулах шаардлагаар урамшуулал, сугалаат худалдаа, интернэт худалдаа болон явуулын худалдаа, үйлчилгээний явцад хэрэглэгчийг хохироохыг хориглосон зохицуулалт бий болгосон байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад хууль санаачлагач хариулсан юм.
Уг хуулийн төсөлд гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. Тухайлбал, гишүүн Ж.Ганбаатар “Өнөөдөр энэ олон санкцтай хуулийг биелүүлэх боломж байна уу. Өнөөдрийн хууль хэрэгжээд л явж байгаа. ЖДҮ-ийн бизнес эрхлээд гараад ирсэн хүний хувьд захын нэг байцаагч очоод бүх зүйл заалтаар дарамтална. Шинээр бизнес эрхлэх гэж байгаа хүмүүст дарамт болж, төрийн байгууллагад ажиллах хүсэл төрнө. Хүн бүр ажиллах хэрэгтэй байна. Өглөө 04 цагт босоод ажилдаа явдаг, орой 22 цагт харьдаг болмоор байна. Эсвэл ЖДҮ эрхлэгчдийг энэ хуулиасаа хасчих” гэсэн бол гишүүн Б.Ундармаа “Хэрэглэгчийн боловсролын талаар хуулийн төсөлд тусгасан уу. Ажил олгогчоо бас хамгаалах бодлого хэрэгтэй байна. Энэ хууль ЖДҮ эрхлэгчдэд хүндрэл учруулна” хэмээж байсан юм. Хууль санаачлагач Т.Аюурсайхан “Хуульд хэрэглэгчдийн боловсролын талаар тодорхой тусгасан. Хэрэглэгчдэд эрүүл хүнс, бүтээгдэхүүн хэрэгтэй. Гэтэл баталгаагүй бараа бүтээгдэхүүн худалдан авч хохирсоор байна. Тиймээс хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай хэмээж байлаа.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа:
-Ажил үйлчилгээгээ явуулж байгаа хүмүүст дарамт үүсгэмээргүй байна. Ажил үйлчилгээгээ явуулж байгаа хүмүүсийг “чамайг ажлаас чинь халуулна, шалгуулна” гээд хууль, цагдаагийн байгууллагын зарга зальхай хэрээс хэтэрсэн. Хэрэглэгч маань өөрсдөө мэдлэгтэй, соёлтой байвал бүх сонголт нь тэдний гарт байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Хянадаг шалгадаг байгууллагын тоо манайд зөндөө байгаа. Гэтэл тэр хэмжээгээр байдал сайжирч байна уу гэвэл мэдрэгдэхгүй байна. Эмчилгээний асуудал гэхэд гадаад дотоодын олон байгууллага байгаа. Зарын дагуу яваад очихоор тухайн хөгшинд 10 хоног өвчин намдуулах тариа хийж, нойртой амраагаад явуулчихдаг. Гэртээ очоод гурав хоноод өвчин нь сэдрэхээр “гам алджээ, та” гээд дахиад эмчилнэ гэдэг. Түүний араас гомдоллож явдаг хүмүүс байхгүй. Хяналт шалгалтынхны хаагуур нь иймэрхүү зүйл яваад байна вэ гэдгийг бодолцох хэрэгтэй хэмээлээ.
Гишүүд асуулт тавьж үг хэлсний дараагаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх санал хураалт явууллаа. Байнгын хорооны гишүүдийн 80 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ