Л.Оюунжаргал: Энэ өвөл -50 хэм хүртэл хүйтрэхгүй

img

Цаг уурын нөхцөл байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга, доктор Л.Оюунжаргалаас тодрууллаа.

 

-Энэ өвөл -50 хэм хүртэл хүйтрэх мэдээ байна. Энэ талаар тодруулахгүй юу?

 

-Бид Дархадын хотгороор 45-50 хэм хүртэл хүйтэрдэг гэж Уур амьсгалын мэдээн дээр бичсэн. Гэтэл ташаа мэдээлэл болгоод байна.  Үндсэндээ 50 хэм хүрнэ биш, хүрдэг гэх мэдээллийг хүмүүс гуйвуулаад байна. Ахиу хүйтэрдэг Дархадын хотгор, голуудын хөндийгөөр жил бүрийн өвөл 40-49 хэм хүртэл хүйтэрдэг болохоор энэ бол жирийн үзэгдэл. Харин төв газартаа -50 хэм хүртэл хүйтэрнэ гэдэг нь ташаа мэдээлэл.

 

-Тэгэхээр энэ өвөл ихдээ хэдэн хэм хүртэл хүйтрэх төлөвтэй байна?

 

-Энэ өвөл голын хөндийгөөр буюу Дархадын хотгор, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн орчмоор  30-35 хэм, төвийн нутгаар 20-25 хэм, хамгийн ихдээ 25-29 хэм хүртэл хүйтэн байна. 2017 оны нэг, хоёрдугаар сард цас ихтэй газруудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж, хүйтэн байх төлөвтэй байгаа.

 

-Энэ сарын сүүлээр хүйтний эрч чангарна гээд байгаа?

 

-Өнөөдрөөс төвийн нутгаар, маргааш зүүн зүгийн нутгаар агаарын темпаратур 5-10 градусаар нэмж хүйтэрнэ. Мөн энэ сарын 26-28-ны өдрүүдэд хүйтний эрч чангарна. Ялангуяа зүүн аймгуудын нутгаар харьцангуй хүйтэрнэ. Энэ хүйтэрлийн үеэр Дархадын хотгороор шөнөдөө  42-47 градус хүйтэрч хононо. Өдөртөө 26-31 градус байна. Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна. Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20, өдөртөө 10-15 градус. Бусад нутгаар шөнөдөө 27-32, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

 

-Цасны зузаан хэдэн см-т хүрсэн бэ?

 

-Сарын эхээр нэлээд дулаарсан. Тухайлбал Өмнөговь аймгийн нутгаар +7 хэм хүртэл дулаараад байсан. Дулаарлын араас орж буй цас харьцангуй их орох тохиолдол бий. Энэ сарын 19-нд нутгийн баруун хасагт, 20-нд төвийн болон өмнө зүгийн нутгийн баруун хэсгээр цас орсон. Цасны зузуун ихдээ  3 мм орчим буюу Говь-Алтай аймгийн Алтай суманд орсон. Бусад газруудад 0-2 мм цас ороод байна. Цас нэмж орсноор хуучин цастай газруудад цасны зузаан 0-5 см-ээр нэмэгдсэн. Цасгүй байсан Говь-Алтай, Баянхонгор аймгуудад 0-8 см цасан бүрхүүлтэй болсон байгаа.

 

-Баярын өдрүүдээр цаг агаар ямар байх вэ?

 

-Энэ сарын 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.  Улмаар энэ сарын 25-28-ны өдрүүдэд одоогоос 10-15 хэмээр нэмж хүйтэрнэ. Харин 28-наас хойш он дуустал  буюу энэ сарын 29-31-нд харьцангуй хүйтний эрч суларна.

 

-Энэ онд дахиад арваннэгдүгээр сарынх шиг цочир хүйтрэх үү?

 

-Сүүлийн 20 жилд ажиглагдаагүй хүйтрэлт арваннэгдүгээр сард болсон. Энэ онд дахиад огцом хүйтрэхгүй. Бага багаар хүйтний эрч чангарсан. Тийм учраас арванхоёрдугаар сарын сүүлчээр хүйтний эрч чангарах ч энэ нь онцгой үзэгдэл биш юм. 

 

-Ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ хүргэх үү?

 

-Олон нийт сарын ажиглалтын мэдээг харах биш өдөр бүр цаг агаарын мэдээгээ шинэчлэн харж байх хэрэгтэй. Өнөөдөр орж буй цас үргэлжлэн төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр орно. Говийн нутгийн зүүн хэсэг Дорноговь аймгийн нутгаар үргэлжлэн орно. Үргэлжлэн орох учраас зам даваа боогдох, халтиргаа гулгаа үүсч болзошгүй байгаа. Цас орсны дараа хүйтэрч эхэлнэ. Өчигдрөөс баруун аймгуудын нутгаар хүйтэрч эхэлсэн. Өнөөдөр төв, маргааш зүүн аймгуудын нутгаар 5-10 хэмээр нэмэгдэж хүйтэрнэ.  Иймд орон нутгийн иргэд болон тээвэрчид аюулгүй байдлаа хангах нь зүйтэй.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ