Сэлэнгийн эмч нар малчны хотонд эмнэлгийн үйлчилгээг хүргэлээ

Сэлэнгэ аймгийн 9 сум цагаан зудтай, 2 сум зудархуу байдалд байна. Тиймээс Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил өвөлжилт хүндрэлтэй байгаа сумдын малчин өрх бүрт хүрч үйлчлэх тэдэнд сэтгэл санааны дэм үзүүлэх үүргийг бүх шатны байгууллагуудад үүрэг болгожээ.
Энэ дагуу тус аймгийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүд “Халуун сэтгэл-2017” аяныг эхлүүлж, энэ сарын 2-ноос эхлэн дөрвөн сумын нутгаар явж, малчны хотонд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэж байна.
“Халуун сэтгэл-2017” аяныхан Түшиг, Зүүнбүрэн, Хушаат сумдад явуулсан үзлэг оношлогоог Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэмжлэг оролцоотой хэрэгжүүлж ажиллажээ. Харин энэ удаад салбарынхаа нийт 1250 орчим ажилчдын халуун сэтгэлийн хандив болох 2.5 сая төгрөгийг цуглуулж дараагийн сум болох Ерөө сумандаа 2 өдрийн турш ажиллаж малчдад сэтгэл санааны дэм үзүүлжээ. Ерөө суманд аймгийн Эрүүл мэндийн салбарын 20 орчим нарийн мэргэжлийн эмч нар ажилласан байна. Үүнд: Аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн А.Пүрэвбат, Д.Сарантуяа, А.Өлзийцэцэг, жолооч Ш.Шижирбаатар, Ж.Энхдорж, аймгийн НЭ-ийн эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч, их эмч П.Энхбаяр, мөн аймгийн НЭ-ийн ЭХО, дүрс оношлогооны их эмч С.Саранбаатар, аймгийн НЭ-ийн дотрын их эмч Р.Бадамханд, аймгийн НЭ-ийн хүүхдийн их эмч С.Наранзул, Мандал сумын НЭ-ийн дотрын их эмч Д.Мөнхзаяа, мөн тус сумын НЭ-ийн дүрс оношлогооны их эмч Э.Алтанцэцэг, Зүүнбүрэн сумын ЭМТ-ийн дарга, хүүхдийн их эмч Ц.Алтанцэцэг, “Хар од” эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч Ц.Оюунцэцэг, аймгийн НЭ-ийн жолооч С.Чинбат, Ерөө сумын ЭМТ-ийн эмч мэргэжилтнүүд I, II багийн нутагт ажилласан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ