Нийслэлийн хэмжээнд ханиад томуу ихэсч, эмнэлэгийн ачаалал хэтэрч байгаа. Үүнтэй холбогдуулан БХЯ-ныхан Цэргийн төв эмнэлэгтээ Хүүхдийн түр тасаг нээн ажиллуулахаар болжээ. Энэ талаар БХ-ын сайд Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Засгийн газрын хуралдаанаар танай салбартай холбоотой ямар асуудал хэлэлцсэн бэ?
-Засгийн газрын хуралдаанаар манай батлан хамгаалах салбартай холбоотой хэд хэдэн асуудлыг оруулж байна. Салбарын олон чухал асуудал шийдэгдлээ. Тухайлбал, Нөгөө талаар Зэвсэгт хүчнийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг хэлэлцүүллээ. БНТУ-ын Батлан хамгаалах салбартай хамтарч ажиллах, хэлэлцээрт гарын үсэг зурах тухай зөвшөөрлийг хуралдаанаас авлаа. Мөн батлах хамгаалах салбарын гурван үеийн төлөөлөл эрдэмтдийн уулзалт болж байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтраад эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна.
-Цэргийн төв эмнэлэгт Хүүхдийн тасаг нээнэ гэж хуралдаанаар шийдвэрлэсэн. Хэзээнээс хүүхдүүдийг авч эхлэх бол?
-Засгийн газрын өмнөх хуралдаанаар Эрүүл мэндийн сайд бид хоёрт Ерөнхий сайд үүрэг өгсөн. Ханиад томуу ихэсч, хүүхдийн өвчлөл их байна. Тиймээс Цэргийн төв эмнэлгийг түшиглэж хүүхдийн эмчилгээний тасаг байгуулах үүрэг даалгавар өгсөн юм. Энэ дагуу манай яамны болон Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар уулзаад ажлыг шуурхай хугацаанд гүйцэтгэлээ. Эмнэлгийн бололцоог ашиглаж, 600 ам.метр талбай бүхий байрыг суллаж, 50 ортой хүүхдийн эмнэлгийн асуудлыг шийдвэрлэхээр болж байна. 10 хоногийн дотор ажлаа эхлүүлнэ. Манай Батлан хамгаалахын харъяа Цэргийн төв эмнэлэг зөвхөн энэ салбарын албан хаагчдад үйлчлэхээс гадна Баянзүрх, Налайх, Багахангай, Багануур дүүргийн иргэдэд үйлчилдэг. Мөн төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг хуучин байрандаа шилжиж байгаатай холбогдуулан зүүн гурван аймгийн иргэдэд үйлчлэх үүрэг даалгавар аваад ажиллаж байгаа.
Н.Энх
Уншиж байна |