АН Хөгжлийн банкны асуудлаар завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн банкны талаар арга хэмжээ авах Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэхээр байв. Уг асуудлыг хаалттай хэлэлцэхээр санал хураалт явж, гишүүдийн олонхи дэмжсэн юм. Үүнтэй холбоотой АН-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Хөгжлийн банкны арга хэмжээ авах тогтоолын төслийг нээлттэй хэлэлцэхийг цөөнх шаардаж байна. Мөн энэ нийтдээ 200 хуудас материал байгаа. Тиймээс цөөнх энэ материалтай танилцах зорилгоор завсарлага авч байна. Хөгжлийн банкны үндсэн хөрөнгийг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх юм билээ хэмээлээ. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:
-Хөгжлийн банкны асуудал их үүсвэрийн хувьд хүнд байна. Хэзээ хүнд болсон, эх үүсвэрийг хэн хүндрүүлснийг бүгд мэдэж байна. Шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлмээр байна. Засгийн газар санал оруулж ирсэн байна. Тиймээс та бүхэн тогтоолын төсөлд хугацааны хувьд завсарлага авах хугацаагаа хэлчих. Үдээс өмнө завсарлага аваад, үдээс хойш хэлэлцүүлмээр байна. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн, Засгийн газрын авах арга хэмжээний тогтоолын төсөл хоёр өөр агуулгатай. Та бүхэн тогтоолын төсөлд завсарлага авах гэж байгаа юм шиг байна хэмээлээ.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
Хөгжлийн банкны урьд өмнө авсан зээлийн 90 орчим хувь нь чанаргүй болоод байна. Чанаргүй зээл 14, хугацаа хэтэрсэн зээл 84 хувь байна. Хөгжлийн банкныхан хаана чанаргүй зээл өгсөн, хэн хэн зээл авсан, Засгийн газар ямар баталгаа гаргасан талаарх материалыг АН-ын бүлгийнхэнд өгөх хэрэгтэй.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:
-УИХ дахь АН-ын бүлгийн завсарлага авах хүсэлтийг хүндэтгэж байна. Тиймээс одоо Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийе. Энэ хугацаанд АН-ын бүлгийн гишүүд Хөгжлийн банкны материалтай танилцаж бай. Үдээс урагш Хөгжлийн банкинд хийх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ гэв.
Ингээд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ