Гишүүдийн үгийг заахгүй шүү, Нямдорж дарга аа

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийг ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь танилцуулав.

 

Хуралдааны уур амьсгал халуухан үргэлжилж байна. Энэ нь хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой бус.  Хурлын завсраар гишүүдийн үг хэл, үйл хөдлөлийг хүртэл удирдан чиглүүлээд байгаа хуралдаан даргалагчийн үйлдэл ч нөлөөлж байлаа. Чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж даргалж байгаа юм.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийн дагалдах 15 хуулийг яагаад оруулж ирэхгүй байна вэ. Яагаад эмэгтэй гишүүд энэ хуулийн төсөлд анхаарал тавихгүй байна вэ. Эмэгтэйчүүд, эхчүүд утааны эсрэг жагсана гэж байна. УИХ-ын гурван эмэгтэй гишүүнээс бусад нь нийслэлээс сонгогдсон.  Нийслэлийн утааны хор уршгийг хауст амьдардгаараа Ц.Нямдорж дарга мэдэхгүй байж болно. Сонгинохайрхнаас сонгогдсон  гишүүн байтугай Зайсанд амьдардаг иргэд ч утааны асуудлыг мэдэж байгаа" гэж асуулттай зэрэгцэн хурал даргалагчийг хатгав.

 

Үүнд УИХ-ын дарга Ц.Нямдорж “Н.Оюундарь гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдсон асуултыг хариулаарай. Баасанхүү заримдаа галзуу юм шиг авирлах юм” хэмээв. Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төсөл манай эмэгтэй гишүүд идэвхтэй оролцсон. Бас эрэгтэй гишүүд ч идэвхтэй оролцсонд баяртай байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийн дагалдах хуулиудыг удахгүй  чуулганы хруалдаанд бэлтгэж хэлэлцүүлнэ. Та санаа зоволтгүй хэмээлээ

 

Дараагаар нь гишүүн Г.Занданшатар “Манай Баянхонгор аймагт Хүчирхийлэлтэй тэмцэх төрийн байгууллага байгуулсан. Гэтэл санхүү нь шийдэгдээгүй. Үүнийг хэзээ шийдэх вэ. О.Баасанхүү гишүүн утаанд санаа тавьж байгаад баяртай байна. Энэ асуудлаар цаашид санаачлагатай ажиллаарай гэсэн юм.

 

УИХ-ын дарга Ц.Нямдорж  “Алтны хажууд гууль шарлана гэдэг. Энэ О.Баасанхүүгээс Г.Занданшатар суралцлаа. Муу зүйл л сурч байна даа” хэмээн зөвлөх, егөөдөхийн завсар хэлсэн юм. Баянхонгор аймаг дахь Хүчирхийлэлтэй тэмцэх  төвийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байгааг гишүүн Н.Оюундарь хариулсны дараа Г.Занданшатар гишүүн дахин асуулт тавих эрх аваад “УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гишүүдийн үг хэлэх эрхэд халдахгүй шүү. УИХ-ын экс дарга З.Энхболд байхдаа гишүүдийнхээ үгийг зааж, удирдаад байдаг байсан. Та түүн шиг биднийг зааж, чиглүүлж удирдаад байхгүй шүү” хэмээн эсэргүүцлээ илэрхийллээ.

 

Микрофоны бүрэн эрхтэй УИХ-ын дарга Ц.Нямдорж үүнд мөн л дуугүй өнгөрсөнгүй “УИХ-ын дэгийн хуулиар хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой зүйлээр гишүүд асуух, ярих эрхтэй.  Түүнээс бус өөр зүйлд хальж, далийгаад байж болохгүй. Тиймээс  би харин ч зааж, чиглүүлж удирдах болно” гэж гөжүүдлээд авав.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сайн багш:
УИХ-д Нямкаад хичээл зааж үг хэлэх бараг байхгүй байлгүй дээ Лундээ, Энхтүвшин, Гончигоо, Дэмбэрэл 4-л үг хэлж болох юм бусад нь сайн давтлага авах нь ард түмэнд төрд хэрэгтэй байхаа
2016-12-22
сайн багш:
УИХ-д Нямкаад хичээл зааж үг хэлэх бараг байхгүй байлгүй дээ Лундээ, Энхтүвшин, Гончигоо, Дэмбэрэл 4-л үг хэлж болох юм бусад нь сайн давтлага авах нь ард түмэнд төрд хэрэгтэй байхаа
2016-12-22