Хилийн бүсийг тогтоосон нь санамсаргүй зүйл биш
Хилийн тухай хуульд гишүүд нухацтай хандаж байна. Хилийн бүсийг 100 км хүртэл зааж өгөх, хилийн бүст үйл ажиллагаа явуулахыг хориглох асуудлаар ажлын хэсэг хэлэлцэн санал оруулсан байна лээ. Мөн хилчид шаардлагатай нөхцөлд зэвсэг хэрэглэх үүрэгтэйг хуулийн төсөлд тусгасан байна. Ингээд гишүүд Хилийн тухай хуульд ямар байр суурьтай байгааг хүргэе.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
Хилийн хуулийг өөрчлөх цаг нь болсон. Энэ хууль 1993 оны 10 дугаар сард батлагдсан. 23 жил болж байна. Хилийн хуулийг баталж байх үеийн протоколыг ажлын хэсгийнхэн судалж үзсэн байх. Хилийн бүс, нутаг дэвсгэр давхцаад байдаг ойлголт. Хилийн бүсийг тогтоосон нь санамсаргүй зүйл биш. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хяналттай холбоотой. Хилийн бүсийг тогтоох асуудлыг авч хаяхаар улс даяараа асуудал үүсч байна.Тиймээс үүнийг засаад оруулаад ирсэн нь зүйтэй юм.
Хилийн бүсийн 100 хүртэл км газрыг Хил хамгаалах газрын дарга болон тухайн бүсийн Засаг дарга нар ярилцан тогтооно гэж байгаа. Аливаа хуулийг тогтвортой байх талаас нь боловсруулдаг. Гадаадын иргэн харъяатын албыг Шалган нэвтрүүлэхэд өгөхөд бөөн хэлэлцүүлэг, яриа болж байсан. Одоо буцааж авна гэнэ. Тэнд голцуу эмэгтэй хүн ажиллаж байгаа. Тэнд ажиллаж байгаа ажилчдын хувьд ч зохимжгүй асуудал болоод байна. Одоо гадаадын харьяатын албанд очоод 4 жил болж байна. Гэтэл буцааж өөрчилж байгаа нь тогтворгүй асуудал үүсгэж байна.
Бид гэрээт хилчдийг бий болгож, ахлагч нараар хилийг хамгаалуулахаар асуудал оруулж байна. Гэхдээ энэ нь Европын холбоо шиг хилийн цагдаа болоод хувирч болохгүй. Хилийн цэргийг алга болгоод цагдаа болгох нь гэж цуурхахаа боль.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Хуулийн төсөлд Хил хянан шалгах газар боомтод Гадаадын иргэн харьяатын алба байхгүй байхаар оруулж ирсэн. Хэлэлцүүлгийн шатанд санал тавьсаны үр дүнд ажлын хэсэг буцаан оруулж ирсэнд баяртай байна. АН-ын бүлгийн хуралдаанаар хилийн бүсийг 100 км-ээс 15 болгосон асуудлыг хэлэлцсэн. Үүн дээр манай бүлэг эсрэг байр суурьтай байхаар шийдсэн. ҮАБЗ-ийн ажлын албатай хамтран хэлэлцүүлэг явуулахаар шийдсэн.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-Иргэддээ үйлчлэх боомтуудад төрийн албан хаагчдын сэтгэхүйг өөрчлөх хэрэгтэй. Иргэддээ туслах, үйлчлэхэд чиглэх ёстой. Хөрш орнуудын хил хамгаалалтын байгууллагуудтай хамтраад иргэддээ туслах, хөнгөвчлөх тал дээр ажиллаарай. Хилийн боомт дээр үйлчилгээ хөнгөвчилсөн журамтай ч гэсэн урд дараалал үүссэн байдаг. Орчин үеийн техологийн боломжийг ашиглаж, мэдээллийн баазууд бий болгох хэрэгтэй байна. Хамгийн гол нь иргэддээ хүндрэлгүй үйлчлэх тал дээр хуулийн төсөлд тусгаж өгөх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсэгт ажиллаж байгаа. Хилээр явж байх үед зөрчил их гарч байна. Ялангуяа манай Дорноговь аймаг гурван хилийн отрядтай. Хилийн шалган нэвтрүүлэхийг энгийн байгууллагад шилжүүлснээр зөрчил ихсэх болсон. Манай улс хоёр хөрштэй хуурай газраар хиллэдэг. Тиймээс БНХАУ болон ОХУ-тай хилийн дэглэмийн тухай боомтын гэрээг Засгийн газар хооронд байгуулсан. Гэтэл Хилийн боомтын тухай хууль 2013 онд батлагдсанаас хилийн асуудлаа шийдэж чадахаа больсон.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ