Төрийг наймаалцахгүй шүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хилийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж байгаа юм.
Гишүүн Ж.Ганбаатар Гадаадын иргэд хилээр орж ирсэн тохиолдолд Гадаадын иргэн харъяатын алба давхар шалгадаг байх санал оруулжээ. Харин зарим гишүүд энэ саналыг давхар шалгах шаардлага байна уу, зөрчил илэрвэл Гадаадын иргэн харъяатын алба шалгадаг байвал ямар вэ” гэсэн санал хэлж байлаа. Үүнтэй холбогдуулан гишүүн Ж.Ганбаатар саналаа татаж байгаагаа мэдэгдсэн юм. Үүнд гишүүн О.Баасанхүү “УИХ-д бизнесмэн гишүүн олноор орж ирээд наймаа явагдаад байна. Төрийг наймаалцахгүй шүү. Үг хэлэхэд хүртэл ар өврийн хаалга хэрэглэж болохгүй. Яагаад оруулж ирсэн саналаа татаж байгаа юм бэ, Ж.Ганбаатар гишүүнээ” хэмээн бухимдав. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ч Ж.Ганбаатар гишүүнийг саналаа татаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлж “Энэ асуудал чинь улсын аюулгүй байдалтай холбоотой чухал санал. Танай намын гишүүд дэмжихгүй ч би дэмжиж байсан” хэмээлээ.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Гадаадын иргэдээс зөрчил илэрвэл Гадаадын иргэн харъяатын албанд шилжүүлнэ гэсэн санал уг нь хураагдсан даа. Та бүхэнд үүнийг нээлттэй үлдээе. Дараагийн хэлэлцүүлгээр эргэж хараарай. О.Баасанхүү гишүүн үг хэлэх бүртээ бусад руугаа дайрдгаа болиорой. Би бусдадаа хатуу үг хэлэх нь хэлдэг. Гэхдээ үг хэлсэн бүр рүү дайраад байж болохгүй шүү” хэмээн учирлах зөвлөхийн завсар хэллээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ