Хилчдийн ар гэрийнхнийг цалинжуулах уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хилийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. ХХЕГ-ыг гурван дэд даргатай байхаар тусгасныг зарим гишүүд эсэргүүцэв. Тухайлбал Ж.Занданшатар гишүүн орлогч дарга нар олон байх шаардлагагүй гэсэн санал хэлсэн юм. Тус газрын дэд дарга нар мөн генерал цолтой байхаар төсөлд тусгажээ. Үүнд ХХЕГ-ын дарга, генерал Ц.Сэргэлэн “Хилийн цэрэг олон албан хаагчтай. Цэргийн хүмүүс даргын тушаалаар явдаг. Дэд дарга нар тус тусын үүрэгтэй. Үүнд улс төржүүлсэн агуулгаар хандаж болохгүй. Цэргийн цол олгох эсэхийг Ерөнхийлөгч шийддэг. Гэхдээ цэргийн хүний гол бахархал цолондоо байдаг юм. Энэ асуудал иргэний нийгмийн хандлагаар хандаж болохгүй” хэмээн учирласан юм. Гишүүд ХХЕГ дэд дарга нартай байхыг дэмжсэн юм.
Мөн хилийн цэргийн албан хаагчдын ар гэрийн нийгмийн асуудлыг ч гишүүд хөндөв. Хилчний ар гэр мэргэжлээрээ ажиллаж чаддаггүй. Жирэмсний амралт багаар тогтоогддог. Тэр байтугай тэтгэвэрт гарахад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоодог аж. Тиймээс хилчдийн ар гэрийнхэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин олгож байх саналыг гишүүн Ц.Гарамжав хэллээ. Уг саналыг хуулийн дараагийн хэлэлцүүлгээр ярилцахаар болов.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ