Гадаадад айлчлагсдыг дипломат ёсонд сургая

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ намар манай улсад айлчилсан. Тухайн үед түүний онгоцноос буухдаа өмссөн цэнхэр жинс сошиал сүлжээнд асуудал үүсгэж, нэг хэсэгтээ л интернэт хэрэглэгчдийг бухимдуулаад амжсан юм. Тэгвэл нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалтай холбогдуулан манай төрийн түшээд ч гадаад улс оронд чамгүй их айлчилж, хөрөнгө оруулалт татах гэж хэрэндээ мэрийж явна. Тэдний хичээл зүтгэлийг үгүйсгэх аргагүй ч, бүхэл бүтэн тусгаар тогтносон нэг улсыг төлөөлж яваа төрийн том албан тушаалтнуудын гаргаж буй авир, хувцаслалт нэг л биш ээ.
Наад захын дипломат соёлгүй, бүдүүлэг, хааш яйшхан хувцаслаж, гуя хасаа гайхуулсан жишээг дурьдаад байвал дуусахгүй нь. Дипломат соёлгүй, бүдүүлэг айлчлалын цувааг Парис хотноо болсон “Нээлттэй засгийн түншлэл” олон улсын түншлэгчдийн хуралд оролцсон манай улсын нэгэн эрхэм гишүүн эхлүүлсэн. Тэрбээр гараа халаасандаа хийж, олон улсын сайд нартай хээв нэг гар барин зогсч байсан нь гэрэл зурагт бууж, олны шүүмжлэлийн бай болсон.
...Кувейтийн сайд нартай хийсэн уулзалт дээр богино банзал өмсөн очиж, гуя хасаа гайхуулсан байх юм. УИХ-ын тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж буй Ш.Нарантуяа гэгч эмэгтэй исламын шашинт улсад очиж байгаагаа мэдсэнгүй юу ямартай ч, төр засгийн удирдлагуудтай хийсэн уулзалтад зохимжгүй бүдүүлэг хувцасласан байсан нь сошиал сүлжээнд эдүгээ гал авалцуулж байна...
Түүний халааг УИХ-ын дарга М.Энхболдын Кувейт улсад айлчилсан баг үргэлжлүүлэх нь тэр. М.Энхболд дарга тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа үеэр Эрхэм дээд Эмир болон сайд нартай албан уулзалт хийсэн аж. Гэвч айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явсан эмэгтэй төлөөлөгч Кувейтийн сайд нартай хийсэн уулзалт дээр богино банзал өмсөн очиж, гуя хасаа гайхуулсан байх юм. УИХ-ын тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж буй Ш.Нарантуяа гэгч эмэгтэй исламын шашинт улсад очиж байгаагаа мэдсэнгүй юу ямартай ч, төр засгийн удирдлагуудтай хийсэн уулзалтад зохимжгүй бүдүүлэг хувцасласан байсан нь сошиал сүлжээнд эдүгээ гал авалцуулж байна.
Исламын шашинтай оронд эмэгтэйчүүд биеэ далдалсан хувцас өмсөж, гивлүүр зүүдгийг эрх биш төрийн томоохон байгууллагын Гадаад харилцааны хэлтсийг тэргүүлж буй эмэгтэй мэддэг баймаар л юм. Шашны ийм ёс жаягтай орнуудад эмэгтэйчүүд биеэ нөхрөөсөө өөр эрэгтэй хүнд харуулах нь нүгэл. Биеийг нь харсан эрэгтэй хүн ч нүгэлтэйд тооцогддог. Тэгэхээр УИХ-ын гадаад харилцаа хариуцсан төлөөлөгч наад захын хүндлэл, дипломат соёл мэдэхгүйгээсээ болоод Кувейтийн сайд нарыг нүгэлд унагаасан бололтой. Эх орондоо хөрөнгө оруулалт, зээл татах зорилготой хийж буй УИХ-ын даргын чухал айлчлалыг гадаад харилцаа хариуцсан дарга нь ийнхүү доош чангааж орхив.
Тус эмэгтэй өмнө нь Хонконгод суух Ерөнхий консулын газрын атташегаар ажиллаж байсан гэнэ билээ. УИХ дахь эмэгтэй гишүүдийн тухайд өмнө нь БНСУ-д хийсэн айлчлалынхаа үеэр хааш яйш, өнгийн зохицолдолгоогүй, зүйрлүүлж хэлбэл, “чихрийн набор” шиг олон алагласан хувцсыг өмсч очсоныхоо дараа хувцаслалтдаа тун ч анхаарал тавих болсон. Илрэл нь гэвэл Кувейт улсад хийсэн айлчлал юм. Энэ удаагийн айлчлалд Д.Оюунхорол, Г.Мөнхцэцэг нарын гишүүд УИХ-ын даргын айлчлалын багт багтсан байсан бөгөөд үндэснийхээ хувцсыг өмссөн байсан нь иргэдээс өндөр үнэлэлт авч байгааг дурьдах нь зүйтэй болов уу. Эцэст нь хэлэхэд, гадаадад айлчлагсдыг дипломат ёсонд суралцуулах хэрэгтэйг дээрх жишээнүүд хангалттай харууллаа.
Онгоцноосоо жинстэй буусан С.Лавровыг “үл хүндэтгэлээ” гэж шүүмжилж байсан улс орны төрийн томчууд өөрсдөө наад захын олон улсын хурал уулзалтад оролцох дипломат ёс жаягийг мэдэхгүй байна гэдэг тухайн улс орныг ёстой л үл хүндэтгэсэн хэрэг бус уу. Гараа халаасандаа хийх, бохь зажлах, богино банзал өмсөх зэргийг олон улсын өндөр дээд хэмжээний уулзалт байтугай жирийн нэг төрийн байгууллагын ажилтнуудад хүртэл хориглодог. Гэтэл бүхэн бүтэн улсыг төлөөлж, гадаад улс оронд айлчилж буй эрхмүүд энэ мэт дипломат ёсонд харш бүдүүлэг үйлдэл гаргаад байж болохгүй л болов уу. Тиймээс гадаадад айлчлагсдыг дипломат соёлд сургая.
эх сурвалж: mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ