Тэд гартаа хиймэл хүүхэд өлгийдөн барьжээ. Хүүхэд тэврээгүй нь “Хүүхдүүд үхэж байна”, “Цэвэр агаар бидний ирээдүй” гэх зэргээр уриа зоолон барьсан харагдана. Энэ бол Сүхбаатарын талбайд утааны эсрэг жагсаж буй эцэг, эхчүүд.
Иргэн Ц.Пүрэвхүүгийн санаачлагаар “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо” байгуулагдсан. Энэхүү холбооны санаачлагаар утааны эсрэг жагсаал зохион байгуулж, төр засагт шаардлага хүргэхээр болсон билээ. Уг арга хэмжээ энэ өдрийн 12.00 цагаас 14.00 цагийн хооронд төв талбайд болох юм.
Уг холбоо нь 23 мянган гишүүнтэй аж. Холбооны гишүүд жагсаалд оролцохоо мэдэгдээд байсан ч өнөөдөр 200-300 орчим эцэг эх жагсаалд оролцож байна. Тус холбооны дарга, хоёр хүүхдийн ээж Ц.Пүрэвхүү сүүлийн нэг жилийн хугацаанд хүүхдүүдийнхээ эмчилгээнд 3 сая орчим төгрөг зарцуулжээ. Ингэснээр өрхийн цалингийн ихэнхи нь утаанаас үүдэлтэй эмчилгээнд зориулагдсан болохыг тэрбээр хэлээд эмчилгээний мөнгийг төр засгаас нэхэмжилж буйгаа хэлж байв.
Монгол улсын хэмжээнд агаарын бохирдлоос үүдэлтэй ханиад хатгаагаар жилд 104 мянган хүн нас бардаг байна. Мөн иргэд бохирдлоос үүдэлтэй өвчин эмгэгийн эмчилгээнд жилд 77 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан судалгааг утааны эсрэг ээж, аавуудын холбооноос гаргажээ. Ингээд жагсаалд оролцож буй эцэг, эхчүүдийн үзэл, бодлыг хуваалцлаа.
Гэр хороололд амьдардаг эцэг, эхчүүдийн төлөөлөл “Би утаан дунд амьдардаг. Манайх шалны халаалттай. Ерөнхий сайд цахилгааны тарифыг тэглэх шийдвэр гаргасан байна. Ингэлээ гээд утаа багасгах боломжгүй. Цахилгаанаар халдаг шал тавьлаа гэж бодоход хоёр өрөөний шал л хална. Шалаа халааж байхдаа би цахилгаан тогоогоо залгаад хоолоо хийх эрх байхгүй. Давхар залгахаар тогны хүчин чадал хүрэлцэхүй манай тог тасарчихдаг. Шалныхаа халаалтыг унтрааж байж би дараа нь хоолоо хийдэг. Тог тасарчихвал цахилгаан дуудаж байж залгуулахгүй бол тэр оройдоо бид хөлдөж үхэх аюул учирдаг. Тэгэхээр цахилгааны тарифийг тэглэсэн ч бид хөлдөж үхэх аюулд амьдарч байна. Хөлдөж үхэхгүйн тулд дахиад л модоо, нүүрсээ түлж, агаараа бохирдуулдаг. Тэгэхээр үнэхээр хэрэггүй шийдвэр гаргасан байна. Утааг багасгана гээд зуухыг зуухыг солих биш бодит шийдэл хэрэгтэй байна” хэмээн үзэл бодлоо илэрхийллээ.
Хоёр хүүхдийн аав Х.Бундхорол жагсаалд оролцож буй аавуудыг төлөөлөн үг хэллээ. Тэрбээр “Утаа гэдэг чимээгүй тахлаас болж хүүхдээ харж чадалгүй эндүүлсэн аавуудыг төлөөлж, хүүхдээ бүрэн хайрлаж амжилгүй хатгалгаа тусгаж алдсан аавуудыг төлөөлж, хүүхэд нь утаанаас болж хөгжлийн бэрхшээлтэй болсон аавуудыг төлөөлж би үг хэлье. Утаагаараа дэлхийд тэргүүлдэг хотод бид амьдарч байна. Эрх баригчид нь ээлж дараалан утааг багасгах амлалт өгдөг. Амласан амлалт нь айлуудын зуухыг солих төдийд л хэрэгждэг. Үр дүнд нь утаа улам ихэсдэг хотод бид амьдарч байна. Гэр хорооллын 200 мянган өрхөд утаагүй зуух тараасан ч утаа улам ихэсч байна. Энэ утаа гэр хорооллоос гарч буй утаа биш. Засгийн газраас уугиж буй утаа юм” хэмээв.
Утааны эсрэг жагсаалын санаачлагч Х.Энхбаяр “Улаанбаатарт амьдарч буй иргэд ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 7 дахин өндөр бохирдолд амьдарч байна. Үүнийг НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан тайланд дурьдсан. Долоо дахин их гэж хэмжигдээд байгаа нь 1994 оны судалгаа байгаа юм. 2011 оны судалгаагаар ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 30 дахин өндөр бохирдолтойг судалгаагаар баталсан. Тэгэхээр бид маш их бохирдлыг уушгиараа дамжуулан залгиж байна. ДЭМБ-ын хэлснээр дөрвөн жилийн дараа нийт хүн амын 60 хувь нь уушигны болон амьсгалын замын өвчлөлд өртсөн, 40 хувь нь хорт хавдар туссан байна гэх харамсалтай судалгааг хэлж байна. Тэгэхээр утаа нийтдээ бидний наснаас 10-15 жилийг хулгайлж байна гэсэн үг. БНХАУ-д агаарын бохирдлын хэмжээ 532-т хүрсэн тохиолдолд онц байдал зарладаг байгаа юм. Гэтэл манай улсын нийслэлийн СХД-ийн Баянхошуу орчимд 2500-аас давсан үзүүлэлттэй байна. Иргэд чимээгүй үхэж байна шүү дээ. Байдал ийм байтал төр засаг арга хэмжээ авахгүй байгаа учраас бид эхний ээлжинд цочроо өгөх зорилгоор энэхүү жагсаалыг зохион байгуулж байна. Анхлан ээжүүд санаачлага гаргасан. Харин өнөөдөр аавууд төдийгүй агаарын бохирдолд сэтгэл зовинож буй хүн бүхэн цуглаад байна” хэмээлээ.
Утааны эсрэг арга хэмжээг утааг арилтал явуулна. Төр, засагт үе шаттай шаардлагуудыг тавина гэдгийг жагсаал зохион байгуулагчид хэлж байна. Улмаар жагсаалд оролцож буй эцэг, эхчүүд Монгол Улсын ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газарт дараах шаардлагыг хүргүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчид:
Засгийн газарт:
Тус холбооны эцэг, эхчүүд энэхүү шаардлагынхаа хариуг ирэх оны нэгдүгээр сарын 10-ны дотор бичгээр болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан танилцуулахыг шаарджээ. Шаардлагыг хүлээж аваагүй, хариу өгөөгүй тохиолдолд төр, засгаас хариуцлага нэхэж огцруулах хүртэл арга хэмжээ авахаа эцэг, эхчүүд мэдэгдэж байна.
Мөн эцэг, эхчүүд утааны эсрэг яаралтай арга хэмжээ авахыг төр засгаас шаардсан 900 хүний өргөдөл цуглуулж Өргөдлийн байнгын хороонд хүргүүлэхээр жагсаалд оролцож буй хүмүүсийн гарын үсгийг цуглуулж байлаа.
Г.Тэгшсүрэн