Шүүхийн шийдвэрт ажлын хэсэг байгуулъя
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар нийтдээ 10 гаруй хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Оны сүүлийн хуралдаан дээр чухал асуудлаа яримаар байна. Эрдэнэтийн асуудал юу болсон бэ. Эрдэнэтийн асуудлаар чанга чанга дуугараад байсан хүн яасан бэ. Өчигдөр С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн хаалттай шүүх хурал болоод Орхон аймгийн иргэд ял авлаа. Хуулийг харахаар нэг өөр, болж байгаа процесс нь бас өөр. Би энэ асуудалд ажлын хэсэг байгуулмаар байна. Ард түмэн энэ асуудалд хандаач гээд байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлыг ондоо багтааж шийдвэрлэнэ гэсэн. Өнөөдөр сүүлийн оны хуралдаан. Үүнийг хэлэлцэж шийдмээр байна. Мөн “Тавантолгой”-той холбоотой асуудлыг УИХ-аар хэлэлцэх хэрэгтэй. Учир нь стратегийн орд газартай холбоотой асуудлыг УИХ-аар шийддэг. Гэтэл Тавантолгойн гэрээнд тусгай зөвшөөрөлтэй этгээд бүрэн эзэмшинэ шийднэ гэсэн байна. Өмнөх Засгийн газрын алдаатай тогтоол дээр үндэслэж яагаад үйл ажиллагааг нь үргэлжлүүлээд байна вэ? Энэ тогтоолыг хүчингүй болгоод, шинэ Засгийн газар тогтоолоо батлаад хариуцлагаа үүрмээр байна.
УИХ-ын дарга М.Энхболд:
-Байнгын хороогоор хэлэлцэгдээгүй асуудлыг чуулганаар шийдвэрлэдэггүй. Хуульзүйн байнгын хороо Эрдэнэтийн асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн шалгалтын дүн гараагүй байхад чуулганаар хэлэлцэхгүй. Тавантолгойн асуудалд эцэслэн шийдвэрлэгдэх гэж байгаа зүйл байхгүй. Шүүх хуралдааны талаар нийгэмд шүүмжлэлтэй зүйл байгаа юм билээ. Өнөөдөр энд шүүх хуралдааны талаар ярих асуудалгүй. Өргөдлийн байнгын хороонд санал гомдол хэлбэл хэлэлцэх байх. Дараагийн шатны шүүх хурал ч явагдах байх хэмээлээ.
Ингээд Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ