Урлаг, соёлын онцлохуудыг ШУУД нэрлэж байна
2016-12-29

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Цаг хугацааны эргэлтээр баяр, гунигтай, инээд хөөртэй нэгэн он улирч, шинэ он, шинэ жил айсуй. Эрхэм уншигч таныг энэ жилийнхээ амжилт бүтээлийг дүгнэж, ирэх оноо угтан авахаар бэлтгэн буй цаг дор  энэ онд  Монгол Улсын соёл, урлагийн салбарт болсон онцлох үйл явдлыг ШУУД.мн сайт  тоймлон нэрлэж байна.

 

Онцлох тоглолтууд:

 

Тэртээд орхигдсон ширэн цартай  морин хуур эгшиглэв

 

 

Тавь гаруй жилийн тэртээд орхигдож, тайзан дээр эгшиглэн, түмний сонор, мэлмийд хүрэлгүй олон оныг үдсэн жинхэнэ монгол уламжлал, соёл ширэн цартай морин хуурын “Жингийн цуваа” тоглолт өнгөрсөн нэгдүгээр сард болсон. Цаг үеийн шаардлагаар нэгэн үе монголчууд ширэн цартай хуураа хэрэглэхээ больж, дуугаралт, эдэлгээг нь бодолцон модон цартай болгон өөрчлөн хэрэглэх болсон. Морин хуурын чуулгын тэргүүн хөгжимчин Р.Амарбаяр  ширэн цартай хуурын уламжлалыг сэргээхээр уйгагүй хөдөлмөрлөж, түүний ард хамт олон нь хоёргүй сэтгэлээр зүтгэжээ. Энэхүү их үйлсэд хуур урлаач Д.Уламбаяр захиралтай “Хан мюзик” ХХК-ийнхан нэгдэж, орчин цагийн технологиор ширэн цартай 16 морин хуур хийснийг, ЭДКС компанийн захирал С.Эрдэнэ худалдан авч, Морин хуурын чуулгад бэлгэлсэн ажээ. Ингэж эв, хамтын хүчээр жинхэнэ монгол уламжлал сэргээж, “Жингийн цуваа” тоглолтыг олонд толилуулсан юм.

 

“Звери” Монголд

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Оросын "Звери" хамтлагийн залуус Монголд тоглолтоо хийлээ. Тус хамтлагийн уран бүтээлчид ОХУ болон Монгол Улсын хооронд найрсаг дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан “ШАМК” Энтертэйнмент болон “Аист Монголиа” телевизийн урилгаар манай улсад хүрэлцэн ирсэн юм.  Тоглолтоо "Sings for Mazaalai" уриатайгаар мазаалайг хамгаалах үйлсийг олон улсад таниулах зорилготойгоор хийснээр онцлог байв.  Тэд өнгөрсөн есдүгээр сарын 3-нд н Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийгээд буцсан.

 

“I have been thinking about you”, ...“Sweet dream”...

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дэлхийн алдарт “London Beat”, “La Bouche” хамтлагууд өнгөрсөн  арваннэгдүгээр сард Улаанбаатар хотноо тоглолтоо хийсэн. “Диско” тодотголтой тус хамтлагийн уран бүтээлчид “Ub palace”-ийн концертын танхимд цугласан олныг үнэхээр доргиож чадсан юм. “London Beat” хамтлаг тайзнаа гарч ирэхэд өргөн шуумагтай өмд өмсөж, түүн дээр урт гинж зүүсэн нь 80-90-ээд онд эргээд очсон мэт чухамдаа цаг хугацаагаар аялуулах мэт санагдуулж байв. Тэд ...“I have been thinking about you”, ...“Sweet dream”...хэмээн дуулж эхлэхэд танхим дүүрэн цугласан үзэгчид уухай хадааж, даган дуулж байлаа. Монголчуудын тоглолт үзэх хэв маяг, барууныхнаас ялгаатай, их томоотой үздэг хэмээн тоглолтын өмнө Г.Ганхүү хэлж байсан юм. Харин энэ удаад монголчууд томоотой байсангүй. Тайзны өмнөх талбайд гарч хамтдаа бүжиглэж, дуучидтай селфи хийх зэргээр харин ч нэг чөлөөтэй байж дор бүрнээ “кайф”-ыг мэдэрсэн юм.

 

Д.Нацагдоржийн амьдрал тайзнаа “амилав”

 

 

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой, Улсын Драмын Эрдмийн Театрын 85 жилийн ойд зориулсан нэгэн шинэ уран бүтээл энэ онод хөшгөө нээлээ. СГЗ Ш.Гүрбазарын "Жаргаагүй нар" зохиолыг найруулагч Ч.Түвшин дэлгэцийн бүтээл болгон олны хүртээл болгов. Уг жүжиг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-нд нээлтээ хийснээс хойш нийт 20 удаа тоглогдож, 9000 гаруй үзэгч, үзэж сонирхсон байна. Их зохиолчийн дүрийг театрын залуу жүжигчин Б.Шинэбаяр бүтээсэн бол түүний гэргий Пагмадуламын дүрд Н.Баярмаа, Нинагийн дүрд Б.Одгэрэл нар чадварлаг дүр бүтээсэн юм. Ийнхүү их театрын уран бүтээлчид нэгэн шинэ уран бүтээлийг энэ онд “өлгийдөн” авлаа.

 

 

Онцлох шагнал:

 

“Харанга” алдрын “од”-той болов

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнгөрсөн жилээс эхлэн Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Алдрын од” одонгоор Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг шагнан алдаршуулах болсон. Энэ жил тус одонг “Харанга” хамтлагт гардуулсан билээ. Шалгаруулалтыг “Пентатоник” академи зохион байгуулдаг. Тус академиас  “Инээмсэглэл”, “Харанга, “Өргөө” гэсэн гурван хамтлагийг үзэгч, сонсогчдоос хамгийн өндөр үнэлгээ авсан хамтлагаар шалгаруулжээ. Улмаар “Хонхны дуу” клубын гишүүд нууц санал хураалт явуулан “Алдрын од”-ыг энэ жил “Харанга” хамтлагт гардуулах шийдвэр гаргасан. Ийнхүү “Харанга” хамтлагийн уран бүтээлчид Монголын хөгжмийн урлагт болон рок попын  салбарт оруулж байгаа хувь нэмрээ өндрөөр үнэлүүлсэн юм. Анхны “Алдрын од” шагналыг Соёл-Эрдэнэ хамтлагт олгосон бол “Харанга” хамтлаг хоёр дахь “од”-ыг энгэртээ гялалзуулсан билээ.

 

Залуу гавьяат тэргүүн дээд шагнал хүртлээ

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиолдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Монгол Улсын гавьяат жүжигчин,  дуучин Г.Ариунбаатарт  төрийн дээр шагнал  “Чингис хаан”  одон гардууллаа.

 

Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал гардуулах үедээ хэлсэн үгэндээ “Чингис хаан одонгоорП.Очирбат, Н.Багабанди, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл гээд манай улсын нэр хүндтэй эрхмүүд шагнагдаж ирсэн. Г.Ариунбаатарын хувьд алдрын зам дардан байгаагүй. Эгэл борог амьдралтай малчны гэрт төрж өссөн хүү дэлхийн сонгодог урлагийн амжилт тогтооно гэдэг бахархал. Бөмбөрцгийн өнцөг булан бүрээс Чайковскийн хөгжмийн наадмыг шүүдэг. Ийм шүүлтүүр дундаас Монголын Г.Ариунбаатар тэргүүн байр, Гранприйн шагналыг хүртсэн нь гайхамшиг” хэмээн тодотгосон юм. Ийнхүү МУГЖ Г.Ариунбаатар цэл залуугаараа төрийн тэргүүн дээд шагналыг хүртлээ.

 

Эгэл найрагч энгэрээ мялаав

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, хүүхдийн зохиолч Ж.Дашдондогт Төрийн соёрхол хүртээлээ.

 

Төрийн соёрхолыг шинжлэх ухаан, техникийн томоохон нээлт, ололт, технологийн туйлын оновчтой шийдэл, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн онцгой амжилт гаргасан, үндэсний соёл, урлаг, утга зохиол, уран барилгын шилдэг бүтээл туурвиж амжилт бүтээлээрээ гадаад дотоодод алдаршсан олон нийтийн хүндэтгэлийг хүлээсэн хүмүүст хүртээдэг юм.

 

Хүүхдийн зохиолч  Ж.Дашдондог 1941 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт төрсөн. 1963 онд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын анги төгсч хүүхэд залуучуудын байгууллагын төв хэвлэлүүд, “Залуучуудын үнэн”, “Пионерийн үнэн” сонин, “Залуу үе", “Залгамжлагч” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр ажиллаж хүүхэд, залуучуудын утга зохиолыг хөгжүүлэхэд багагүй үүрэг гүйцэтгэжээ.

 

10 жилийн дунд сургуулийн сурагч байхдаа “Аргагүй хүү” номоо улсын хэвлэлээр хэвлүүлснээс хойш дөч шахам ном бүтээжээ. Гадаадад түүний арав гаруй ном олон хувиар хэвлэгдсэн бөгөөд дэлхийн хүүхдийн шилдэг зохиолч С.Маршак, К.Чуковский, А.Барто, С.Михалков, И.Тургенев нарын зохиолоос монгол хэлнээ орчуулж гуч гаруй ном гаргажээ. “Гурван нөхөр, гурван дайсан” 1990, “Тэмүжин” 1991, “Модон могой” 1991, “Алаг бяруу” 1994, “Гэсэр” 1997 зэрэг жүжиг, дуурь, киноны зохиол туурвин бяцхан уншигчдын хүртээл болгосон.

 

1972 онд “Ар тайгын хүү”, “Аав,ээж, би” номоороо МЗЭ-ийн шагнал, 1998 онд “Аранзал зээрд” номоороо Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, .... онд “Долоон бөхтэй тэмээ” номоороо МЗЭ-ийн Алтан өд шагнал, 2005 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол авчээ.

 

Онцлох уралдаан:

 

Дэлхийн гоо бүсгүйчүүд Монголд чуулав

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дэлхийн хэмжээнд зохиогддог гоо бүсгүйн тэмцээнүүдээс эрэмбээрээ тавдугаарт бичигддэг “Face of beauty international”  миссийн тэмцээн тав дахь жилдээ манай улсад зохион байгуулагдав. Тус тэмцээний титмийн эзнээр ОХУ-ын гоо бүсгүй шалгарсан билээ. Нийт 60 орны гоо бүсгүй өрсөлдсөн тус тэмцээний дэд байрын шагналыг Замби улсын мисс, гуравдугаар байранд Филиппин улсын мисс, тавдугаар байрын шагналыг Португаль улсын мисс хүртсэн. Харин эх орноо төлөөлөн оролцсон манай улсын мисс Э.Урангоо тэмцээний дөрөвдүгээр байранд шалгарсан. Мөн “Авьяаслаг мисс”, “Шилдэг үдшийн даашинзтай гоо бүсгүй” өргөмжлөлийг хүртэв.

 

100 сая төгрөгийн эзэн О.Энх-Эрдэнэ

 

 

“Монгол” телевизээс хоёр дахь жилдээ зохион байгуулсан “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн энэ жилийн ялагчаар каунтри дуучин О.Энх-Эрдэнэ шалгарав.

 

О.Энх-Эрдэнэд “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцох саналыг түүний ах тавьсан гэдэг. Тэрбээр өөрийгөө 100 сая төгрөгийн эзэн болно гэж төсөөлөө ч үгүй аж. Мөн уг шоу нэвтрүүлэг  түүний хамгийн анхны том хэмжээний тайз, том сорилт байжээ. Тэрбээр 3-4 жилийн өмнөөс жазз, каунтри төрлөөр дуулж эхэлсэн бөгөөд Фрэнк Синатра шиг дэлхийн хэмжээний дуучин болохыг мөрөөддөг тухайгаа дурссан байна. Боломж олдвол олон улсад өөрийгөө сорих бодолтойгоо мөн хуучилжээ.Тэрбээр багаасаа дуулах сонирхолтой байсан хэдий ч өдгөө ШУТИС-д Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжлээр суралцдаг байна.

 

Монгол охин шилдгүүдийн эгнээнд багтав

 

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо 66 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээн  амжилттай зохион байгуулагдаж титмийн эзнээ шалгаруулав. Титмийн төлөө дэлхийн 120 орны гоо бүсгүй өрсөлдлөө. Монгол Улсыг төлөөлөн  “Торго модель” агентлагийн загвар өмсөгч А.Баярцэцэг оролцож, шилдэг 11 миссийн нэгээр тодорч, түүхэн амжилтын эзэн болов.

 

Дэлхийн миссийн тэмцээнд манай улс 2005 оноос гоо бүсгүйгээ оролцуулж эхэлсэн. Үүнээс хойших 11 жилийн хугацаанд оролцсон миссүүд шилдэг 25-д шалгарч байв. Энэ удаад Монгол бүсгүй шилдэг 11 миссийн нэгэн болж амжилтаа ахиуллаа. Хэдий дэлхийн миссийн титмийг авч чадаагүй ч монголчууд нэгдэж чадлаа. Шилдэг 10 гоо бүсгүйг тодруулсны дараа “People’s choice” буюу олон нийтийн санал асуулгаар тэргүүлсэн дахин нэг миссийг нэрлэх байсан бөгөөд энэхүү шалгаруулалтад А.Баярцэцэг шалгарсан юм. Гуравхан сая хүн амтай ч “Олон нийтийн санал асуулга буюу масс хандалт”-аар тэргүүлж 120 гаруй орны миссээс шилдэг 11-т шалгаран үлдэхэд чухал түлхэц болов.

 

Мөн авьяасын шалгуурын шилдэг 10-т үлдээд байсан миссээ ялагч болтол нь монголчууд саналаа өгч, шилдэг 20 миссийн нэгд багтаав. Ийнхүү Монголын ард түмэн цөөхүүлээ ч цөс нэгтэй, хөөрлөөрөө нэгдвээс тэрбум хүнээс хол дутахааргүй гэдгээ харууллаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hen ondor zeregtei ve temtseen
2016-12-29