Боломжтой хүмүүс торгуулийг тоодоггүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үдийн завсарлагагүйгээр үргэлжилж байна. Үдийн цайны цаг болсныг гишүүд УИХ-ын даргад сануулахад “Өнөөдөр нийтдээ 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Үдээс өмнөдөө ядаж хоёр асуудал хэлэлцээд завсарлая. Өнөөдөр хэлэлцэх асуудлаа бүгдийг нь хэлэлцэнэ” хэмээн гишүүдийн амыг таглав. Гишүүд өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, 56 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан юм. Одоо Замын хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан. Энэ нь торгох, баривчлах үндсэн шийтгэлийг давхардуулж оногдуулах зөрчилтэй зохицуулалтыг бий болгосон гэж үзжээ.
Давхардуулсан шийтгэлийг нэг мөр болгох зорилгоор хуулийн төсөл боловсруулан өргөн барьсан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. Шинэ он гарснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд дахин нэмэгдүүлсэнтэй тэнцсэн хэмжээний мөнгөн торгуулиуд нэмэгдсэн. Үүнд жолоочийн зөрчлийн торгууль хамаарагддаг. Энэ талаар ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт:
-Торгуулийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдол бий. Жишээлэхэд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой торгууль нэмэгдсэн. Торгууль хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмсэнтэй тэнцэх торгууль хүлээлгэнэ гэж байгаа. Тиймээс долоо хоногийн өмнөхөөс торгууль нэмэгдсэн. Үүнтэй холбоотой Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдгийг нэгжид шилжүүлэх асуудал яригдаж байгаа хэмээлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд мансууруулах эм, бодисын хэрэглээний асуудлыг хөндөж байлаа. Хэрэг зөрчил гаргасан жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй, манарсан байдалтай байдаг. Гэтэл түүнийг хар тамхи хэрэглэснийг тогтоохгүй, зөрчил торгуулаа төлөөд явдаг, ард нь гэмтэж, мөргүүлсэн хүн хохирдог гэдгийг анхааруулсан юм. Энэ асуудлыг ХЗДХЯ анхаарч, тодорхой ажил хийгдэж байгааг салбарын сайд тайлбарлав.
Шинэ хууль хэрэгжсэнээр журамлагдах автомашины тоо 65 хувиар, осол зөрчил 25 хувиар буурчээ. Гэтэл эрхээ хасуулсан ч тоодоггүй хэнэггүй хүмүүс байдаг байна. Энэ нь боломжтой айлын хүмүүс гэнэ. Тиймээс эрхээ хасуулсан иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо баривал баривчилна” гэсэн заалт оруулж байгааг салбарын сайд онцолсон юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ