УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж үг хэлсэн юм. УИХ-ын гишүүн А.Сүхбат:
-Сонгуулийн сурталчилгаанд 22 хоног зарцуулахаар тусгасан нь хугацааны хувьд хангалттай бус байна. Иргэд нэр дэвшигчтэй уулзаж, үгийг нь сонсч зарим тохиолдолд зургаа авахуулах хүртэл сонирхолтой байдаг. Гэтэл нэг аймагт нэг хоног сурталчилгаагаа хийхээр байгааг эргэж харах хэрэгтэй хэмээсэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:
-Сонгуулийн сурталчилгааны хугацааг 17 хоног байна хэмээн хуулийн төсөлд тусгасан байсныг харин ч тав хоногоор нэмж, 22 хоног болгосон. Хэрэв сурталчилгааны хугацааг сунгах шаардлагатай гэвэл хэлэлцүүлгийн явцад гишүүд өөрчлөх эрх нь бий хэмээн тайлбарлав.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг дэмжиж байна. Нэгдсэн хуулинд салаа утгатай зүйл заалтууд байсан. Үүнийгээ цэгцэлж бие даасан хуультай болсноор Ерөнхийлөгчийн сонгуулийг хуулийнхаа хүрээнд шударга явуулах бололцоотой.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Ерөнхийлөгчийн сонгуульд хандив авдгийг болимоор байна. Үүнийг дэмжиж өгөхийг би намын нөхдөөсөө хүсч байна. Төрийн тэргүүний сонгуулийг мөнгөөс салгаад өгөөч.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэллээ. Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжсэн юм. Ийнхүү чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.
Н.Энх
Уншиж байна |