Гарцаагүй байдалд авлига өгвөл хариуцлага хүлээлгэхгүй

Хуульзүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хариуллаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Өмнөх буцаагдсан хуулин дээр аргагүй хамгаалалт байхгүй болсон юм. Хэн нэгнийг өмгөөлснийхөө төлөө хэрэгтэн болж мэдэхээр заалт байсан. Үүнийг буцаан оруулсан уу. Мөн сэтгүүлчидтэй холбоотой заалтыг хэрхэн тусгаж байна вэ? Сүүлийн үед популист үг хүчтэй орж ирээд байна. Авилга өгснийг биш авсныг ялла гээд байна. Гэмт хэрэг гарах үүслийг тавьчихсан хүнийг яагаад үлдээнэ гэж” хэмээсэн юм. Үүнд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Аргагүй хамгаалалтын талаар таны ярьж байгаагаа өөрөөр туссан. Аливаа хүн бусдаас тусламж авах эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийнэ гэсэн заалт байгаа. Авилга өгсөн хүнийг ял эдлэхгүй гэж заасан байсан. Авлига өгсөн авсан 2-уулаа ял эдэлнэ. Авлига өгсөн этгээд гарцаагүй байдалд ороод өгсөн нь нотлогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Харин зохиомлоор авлига өгвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээлээ.
Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ялын бодлогоо хөнгөлөөд байгаа шалтгаанаа тайлбарлаач. Ямар хэмжээнд өөрчлөлт хийсэн бэ” гэдгийн ажлын хэсгээс тодруулсан юм.
-Хуулийн этгээдэд хариуцлага ногдуулахаар 52 заалт байсан. Үүнд мөнгө угаах, терроризмтай тэмцэх, байгаль орчны эсрэг зэрэг олон улсын заалтын дагуу хийгдсэн. Үүнийг 36 заалтад хариуцлага тооцуулахаар оруулж ирсэн. Гол усыг бохирдуулаад алга болдог, эсвэл өөр этгээдэд шилжүүлдэг тохиолдол байгаа. Тиймээс торгуулийн хэмжээг чангатгах хэрэгтэй гэж үзсэн. Дэлхийн банк, ҮСГ-ын судалгаан дээр үндэслэн торгуулийн хэмжээг тогтоосон. Эд хөрөнгө хураах ял байсан. Оруулж ирж байгаа хуулиар үүнийг албадлагын арга хэмжээнд багтсан. Авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой асуудалд 1-12 сая байсныг 5-27 сая төгрөгийн торгууль болгосон. Албан тушаалаа урвуулсан тохиолдолд 8 жил болгон чангаруулж, тэнсэнгүй болгосон гэдгийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр хариуллаа.
Гишүүн О.Баасанхүү “Ард түмэнд авлига албан тушаалын хэрэг аймшигтай гэхээсээ гэр орны эд зүйлийг нь хулгайлж, танхайн хэрэг асуудал болоод байна. Үүнийг анхаарай” гэсэн байр сууриа хэлэв.
Ингээд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явууллаа. Байнгын хорооны гишүүдийн олонхи нь уг хуулийг хэлэлцэхийг дэмжив. Уг хуулийн ажлын хэсгийн ахлагчаар гишүүн Х.Нямбаатарыг томилсон юм.
Дараагаар нь Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт танилцуулж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ