Ерөнхий аудитороор Д.Хүрэлбаатарыг томилов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар СЕХ-ны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Ингээд СЕХ-ны гишүүнээс Д.Дэлгэрцогтыг чөлөөлж, Ө.Энхтөрийг томиллоо. Дараагаар нь Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлж томилох асуудлыг хэлэлцэв. Ерөнхий аудитор А.Зангад УИХ-ын даргын нэр дээр өргөдөл ирүүлсэн байна. Өргөдөлдөө эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Энэ дагуу Төсвийн байнгын хорооны хуралдаанд оруулж, хэлэлцсэн байна. Төрийн аудитын хуулийн дагуу Ерөнхий аудитороор Д.Хүрэлбаатарыг томилуулах саналыг оруулжээ. Д.Хүрэлбаатар нь Уралын политехникийн сургууль, МУИС-ийн хуулийн анги төгссөн. Барилгын инженер, хуульч, дотоод аудитор мэргэжилтэй нэгэн аж. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн асуулт тавьж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар:
-Гарааны ажлаа сайн эхлэх ёстой. Төсвийн мөнгийг хэрхэн зарцуулсныг олон түмэнд тайлагнамаар байна. Хөгжлийн банкны шалгалтаар төсөв нь 400 дахин өссөн дүн гарч байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нартай холбоотой дүгнэлтийг аудит нарийн гаргах ёстой. Төсвийн сахилга батыг хариуцлагатай болгоно гэж танд найдаж байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
-Олон нийтийн хяналтыг оруулдаг дэлхийн жишиг байдаг. Үүнийг нэвтрүүлж чадах уу. Монгол Улс өнөөдрийн төсвөө ирээдүйн төсөвтэй хамт барьцаалаад их өрөнд орсон байна. Энэ үед аудитын байгууллага хаана явсан юм бэ?
Нэр дэвшигч Д.Хүрэлбаатар:
-Хууль дээдлэх, шударга ёсыг хангах, бодитой байх гэсэн заалт хуулинд байгаа. Ил тод байдлыг аль болохоор хангаж ажиллана.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Аудитын байгууллагын том албан тушаалд томилогдох гэж байгаад баяр хүргэе. Том хариуцлага дагалдаж байна. Төрийн байгууллагад хяналт тавьж ажиллаарай. Эрдэнэтэд хууль бус зүйл их явж байна гэдэг. Гэтэл аудитын дүгнэлт гарсан эсэхийг мэддэггүй юм. Яамдуудыг анхаараарай. Төрийн нарийн бичгийн даргын өмнөөс сайд нар нь гарын үсэг зураад явдаг шүү. Хэлбэрийн төдий Төрийн нарийн бичгийн дарга нартай болсон байна лээ шүү. Хөгжлийн банкинд хоёр янзын зүйл яриад байна. Н.Батбаяр Хөгжлийн банкны үйл ажиллагаа хэвийн явж байгаа гэсэн. МАН-ынхан хууль зөрчсөн гээд байгаа. Та бүхэн шалгаж, үнэн мөнийг олооч ээ.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
-Аудитын байгууллага УИХ-аас төрийн байгууллагад хяналт тавьдаг. Өмнөх аудиторуудыг би ажлаа муу хийгээгүй гэж үздэг. Ажил хийгээд гаргаж ирснийг нь УИХ, байнгын хороод танилцуулж, зөвлөмж өгдөг. Сайн материал гаргаж ирсэн байдаг. 1990 оноос хойш авсан улсын үйлдвэрийн зээл 2.9 наяд төгрөгийн өр төлбөр гаргаж ирсэн. Гүйцэтгэлийн аудитыг сайн хийгээрэй. Байнгын хороонуудтай тулж ажиллаарай.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Нэр дэвшигчийн хувьд дэмжиж байна. Цаашдаа аудитын байгууллагын хууль эрхзүй, статусын асуудлыг эргэж харах хэрэгтэй юм билээ. Өнгөрсөн парламент улсын мөнгийг гарын сарвуугаараа яаж урсгаж, ашиглаж болдгийг харуулсан. Аудит дүгнэлт гаргаад буцдаг. Улс төрийн дарамт их байдаг юм билээ. Цаашид зөвхөн зөвлөмж хүргүүлээд орхиж болохгүй.
УИХ-ын гишүүн Я.Санжмятав:
-Аудитын байгууллагын суурь зөв тавигдсан. Улсын нөөцөд гурван удаа шалгалт явагдахад хоёр нягтлан гарын үсэг зураагүй асуудал оруулж ирчихээд юу ярих гээд байгаа юм гэж Жавзмаа гуай хэлж байсан гэсэн. Тийм л төрийн хар хүн хэрэгтэй байна. Олон шинэ улс тавигдсан. Төрийн албанд шинээр томилогдсон улсуудад сайн ажиллаарай гэж захия.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэллээ. Ингээд байнгын хорооны саналаар А.Зангадыг Ерөнхий аудитороос чөлөөлөх санал хураалт явуулсныг олонхи дэмжив. Дараагаар нь Д.Хүрэлбаатарыг Ерөнхий аудитороор томилох санал хураалт явуулахад гишүүдийн 89.1 хувийн саналаар дэмжив.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ