“Найрсаг” архинд хордсон гомдол ирж байсан

Өнгөрсөн өдрийн /201.01.16/ 21.00 цагийн үед Баянгол дүүрэгт таван хүн нас барсан хэрэг гарсан. Нөхцөл байдлын талаар Нийслэлийн шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн мэдээлэл хийлээ.
Хохирогч нарт хийсэн шүүхийн шинжилгээний анхан шатны дүгнэлт гарчээ. Дүгнэлтээр хордлогын шинж тэмдэг илэрсэн байна. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд “Хохирогч нарт шүүхийн шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр хохирогчдын дөрөв нь шингэн зүйлсийн хордлогын улмаас нас барсан дүгнэлт гарсан. Хордсон шингэн зүйлс нь бодис эс бөгөөс архи гэдэг нь эд эсийн нарийвчилсан шинжилгээгээр гарна. Өнгөрсөн өдрийн 15.00 цагаас эхлэн хэргийн газраас эд мөрийн баримтыг хураах, битүүмжлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна” хэмээв.
Иргэд шингэн зүйлийн хордлогын улмаас амь нас хохирсон учраас иргэдийг эрсдэлээс хамгаалахын тулд урьдчилан сэргийлж архи, согтууруулах ундааг худалдахыг НИТХ-ын тогтоолоор хориглов. Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 350 байцаагч архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг нийт 2959 дэлгүүрийн 2013-т шалгалт явуулжээ. Шалгалтаар сэжиг бүхий 7378 шил архийг битүүмжлэн, дээжийг шинжилгээнд өгсөн байна. Шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа аж.
Мөн Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 821 цэнгээний газрын 218-т, 959 рестораны 141-т хяналт шалгалтыг хийжээ. Үргэлжлүүлэн хориг тавьсан гурав хоногийн хугацаанд 500 гаруй байцаагч иргэдийн аюулгүй байдлыг ханган шалгалт явуулах юм байна.
Хэргийн газраас “Найрсаг” архины шил олдсон тухай мэдээ бий. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунаас тодрууллаа.
-Хэргийн газраас “Найрсаг” архины шил олдсон мэдээ байна. Энэ архины үйлдвэрийн талаар мэдээлэл байна уу?
-“Найрсаг” архины үйлдвэр БЗД-ийн 5-р хороонд үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ үйлдвэр болон бусад үйлдвэрт манай байгууллагаас 2012 оноос хойш хяналт, шалгалт явуулж ирсэн. Шалгалтаар уг үйлдвэрээс ноцтой биш, хаяг шошгын зөрчил илэрч байсан.
-Энэ архинд өмнө нь иргэн хордсон тохиолдол бий юу?
-2015-2016 онд манай байгууллагад тухайн архийг хэрэглээд хордлого өгсөн тухай гомдлыг иргэн гаргасан. Тухайн үед манай байгууллагаас уг үйлдвэрийн архийг шинжилгээнд хамруулж, шинжилгээний хариугаар тухайн иргэний гомдлыг хааж байсан. Учир нь спирт үйлдвэрлэлийн чанарын хариу нь стандарт гарсан юм.
-“Найрсаг” архийг дэлгүүрүүдээс буцаан татсан уу?
-Буцаан татаагүй. Харин шинжилгээний дээж авсан. Эцсийн хариу гараагүй байна. Тийм учраас бидэнд аливаа компанийн нэр хүндэд хууль бусаар халдах эрх байхгүй. Эцсийн хариу гарсны дараа төрийн хяналт шалгалтын хуулиар зохицуулагдана. Одоогоор үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа.
-Хэргийн газраас “Гайхмаараа” шил арчигч шингэний сав олдсон тухай мэдээ байна?
-Газар дээр үзлэг хийсэн цагдаагийн байгууллага үүнийг мэднэ.
-Сэжиг бүхий 7 мянга гаруй архийг хураасан гэсэн?
-Сэжиг бүхий гэдэг нь хамгийн хямд үнэтэй архийг битүүмжилсэн гэсэн үг.
-Нийслэлийн хэмжээнд архины хэдэн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Нийслэл Улаанбаатар хотод архи, согтууруулах ундааны 45 үйлдвэр бүртгэлтэй байдаг. Өнөөдрийн байдлаар 20 архины үйлдвэр үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа. Үлдсэн үйлдвэр нь тусгай зөвшөөрөлтэй ч үйл ажиллагаа явуулаагүй байна. Мөн спиртын 7 үйлдвэр бий.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ