Сумдад судалгааны байгууллага байхгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга М.Энхболд танилцууллаа. Чуулганы хуралдаанаар нийтдээ 12 хууль, тогтоолын төсөл хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг хойшлуулах саналтай байна. Орон нутаг, хот суурин газрыг хөгжүүлэх бол баахан судалгаа хийх юм байна. Судалгааны байгууллага сумдад байхгүй. Судалгааны байгууллага сумдад байхгүй. Максмум гэж судалгааны байгууллага хэдэн хүнээс судалгаа аваад, дараа нь судалгаа авсан хүмүүсийн төлөөлөлтэй уулзалт хийдэг. Иймэрхүү зүйлийг л хуульчлахаар болжээ. Үндсэн хуулинд олон нийтийн санал асуулга гэж ганцхан заалт байгаа. Судалгаа явуулсан байгууллагад баахан мөнгө төлдөг. Засаг даргын дэргэд хэдэн хүний зөвлөл байх юм байна. Иймэрхүү зүйлийг ажил хэргийн журмаар шийдэх хэрэгтэй. Тиймээс хэлэлцэх асуудлын дарааллаас хасах саналтай байна” гэсэн бол гишүүн О.Баасанхүү “Хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай асуудал байсан. АН энэ асуудлаар завсарлага авсан. Гэтэл байнгын хороон дээр 78 зарчмын зөрүүтэй санал асуулга гарч, хууль зөрчигдсөн. Үүнийг ард түмэндээ тайлбарлах хэрэгтэй. Дээр нь Эрдэнэтийн хөгжлийн сангийн хуулийг яагаад хэлэлцүүлэхгүй байна вэ. Миний санаачилсан хуулийг хав дардагаа болих хэрэгтэй” хэмээлээ.
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг гишүүн Г.Занданшатар санаачилсан. Тэрбээр Ц.Нямдорж гишүүний саналд “Энэ хуулийн төсөл Үндсэн хууль зөрчихгүй. Мэдээлэлжүүлж, зөвлөлдөөд асуудлыг шийдэх гол зарчимтай” гэсэн тайлбар хийсэн юм.
Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуультай холбогдуулан МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар гурван үндэслэлийг бүлэг дээрээ авч үзсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг салгаж хуульчлахдаа өмнөх хуулиа яаж хүчингүй болгох тухай процедурын асуудал гарна. Хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй 170 гаруй санал гарч байна. Тиймээс парламентад суудалтай намууд дахин энэ хуулийг авч үзэх шаардлагатай. Мөн хугацааны хувьд багтахаа болиод байна. Тиймээс энэ тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг буцаан татах ёстой гэж бүлэг дээд үзээд Төрийн байгуулалтын байнгын хороонд санал хүргүүлсэн. Энэ хуулинд нэг хүнд зориулаад гаргалаа гэж ярьж байгаа. Бид УИХ-д байгаа гурван нам ганц ганц хүнтэй гэж ойлгохгүй байгаа. Олон гишүүд дотроосоо нэр дэвшигчдээ тодруулна. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж өгөөч гэж хүсч байна” хэмээн тайлбарлав.
УИХ-ын дарга М.Энхболд “Эрдэнэтийн шалгалтын ажлын хэсэг дүнгээ тайлагнах хэрэгтэй. Ажлын хэсэг байгуулаад хоёр сар болж байна. Раднаасэд дарга анхааралдаа аваарай. Зөвлөлдөх санал асуулгын тухайд 30 гишүүн санаачилсан. Тиймээс анхны хэлэлцүүлгийн үеэр Ц.Нямдорж гишүүн саналаа хэлээд яваарай” гэсэн тайлбар хийлээ.
Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ