”Эрдэнэт”-ийн асуудлаар АН завсарлага авлаа

img

Гэрэл зургуудыг MPA.mn

Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол зэс” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг худалдан авсан асуудлыг шалгах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа.

 

Ажлын хэсгийн дүгнэлтэд "Эрдэнэт"-ийн 49 хувийг Засгийн газраас “Монгол зэс”-д худалдсан нь УИХ-ын бүрэн эрхэд халдаж, хэд хэдэн хуулийг зөрчсөн байна хэмээн ажлын хэсэг дүгнэжээ. Үндсэн хуульд “УИХ олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.  Компанийн тухай хуулийн “Төрийн өмчит компанийн өмчлөгч нь төрийг төлөөлж УИХ байна” гэж заажээ. Гэвч дээрх компаниудын 49 хувийг худалдахдаа УИХ-аар хэлэлцүүлээгүй тул хууль тогтоох дээд байгууллагын онцгой бүрэн эрхийг зөрчсөн хэмээн үзжээ.

 

Түүнчлэн дээрх компаниудын 49 хувийг худалдахдаа Засгийн газраас эхлээд ОХУ-тай зөвшицөх ёстой байжээ. Өөрөөр хэлбэл, Монгол болон ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрт “Хэлэлцэн тохирогч талуудын аль нэг тал нь өөрийн өмчийн хөрөнгөө зохих журмын дагуу нөгөө талтайгаа зөвшилцсөнөөр бусад хуулийн этгээдэд худалдаж болно. Энэ тохиолдолд хэлэлцэн тохирогч нөгөө тал нь худалдан авах давуу эрхтэй байна” хэмээн заасныг зөрчсөн байна. Хуульзүйн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч  Ш.Раднаасэд дүгнэлтийг танилцуулахдаа:

 

-Дээрх үйлдвэрүүдийг худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэрт шалгалт хийсэн. “Монгол зэс” корпораци “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг 400 сая ам.доллараар худалдан авсан. Энэ хөрөнгийг босгохдоо нэр бүхий дөрвөн компаниас зээл авсан байна. Тухайлбал, “Ривер стоун” компаниас 70 сая ам.доллар, “Юнайтед Энержи Систем” компаниас 70 сая ам.доллар зээлжээ. ХХБ-наас 70 сая ам.доллар зээлсэн байна. Мөн өөрөө 112 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргасан. “Монгол зэс”-ийн зээл авсан компаниуд мөн Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан байна. Зээл авахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Өмнөговь аймагт ирээдүйд баригдах цахилгаан станц, бүр огт байхгүй компани, барилга зэргийг барьцаалсан. Худалдаа хөгжлийн банк 745 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө, 50 тэрбум төгрөгийн дүрмийн сантай юм. Хуулийн дагуу бол банкны нэг зээлдэгчид олгох зээл өөрийн үндсэн хөрөнгийнх нь 20 хувиас хэтрэхгүй байх ёстой. Дээр дурьдсан зээлүүдийг нийлүүлэн тооцвол “Монгол зэс”-д 900.2 тэрбум төгрөг олгосон байна. Тиймээс ажлын хэсгээс “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компаний 49 хувийг төрийн өмчид эгүүлэн авч, 100 хувь улсын компани болгох санал гаргаж байна хэмээлээ.

Танилцуулгын дараагаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргалаа. Тиймээс АН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өгч,  уг асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр болов.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
erdenee chi bol hunee baisan novsh
2017-01-24