О.Магнай: Хүн буудсан үйлдлийг жагсаалтай холбож ойлгож болохгүй
2008 оны сонгуулийн дараахи үймээний үеэр үүрэг гүйцэтгэж яваад бэртэж гэмтсэн цагдаагийн албан хаагчдын төлөөлөл Ерөнхий прокурорт ханджээ. Тэд үймээнийг зохион байгуулсан Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай нарт холбогдох эрүүгийн хэргийг сэргээн шалгуулахыг хүссэн байна. Түүнээс гадна сүүлийн үед ТЕГ-ынхан О.Магнайг дуудсан гэх мэдээлэл ч сайтуудаар цацагдаж эхэлсэн.
Энэ талаар иргэний нийгмийн төлөөлөл О.Магнайтай утсаар холбогдож тодрууллаа.
- Тагнуулын ерөнхий газраас өөрийг тань ямар үндэслэлээр дуудсан юм бэ?
- Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албанаас өчигдөр намайг дуудаж уулзсан. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах нь гэмт хэрэг гэдгийг сануулж гарын үсэг зуруулж байна лээ.
– 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний дараа цагдаагийн байгууллагаас таньд ямар зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байсан юм бэ?
-Эрүүгийн хуулийн 177-д зааснаар нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу зандалчлах, 179 буюу нийтийн эмх замбараагүй байдал бий болгосон гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж байсан юм. Надад үүсгэн хоёр зүйл ангийн 179 буюу нийтийн эмх замбараагүй байдал бий болгосон гэдэг нь өршөөлийн хуульд хамрагдсан. Харин 177 нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу зандалчлах гэсэн зүйл анги нь хэрэгсэхгүй болсон.
-Үймээн зохион байгуулсан О.Магнай нарыг шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг тухайн үед гэмтэж бэртсэн цагдаагийн албан хаагчид прокурорт гаргасан байна лээ. Таныг прокуророос дуудав уу?
-Прокуророос дуудсан юм алга. Хүн буудсан үйлдлийг жагсаал цуглаантай хутгаж ойлгож болохгүй юм л даа. Жагсаалын үеэр хүмүүс буудуулсан юм шиг ташаа ойлголтыг нийгэмд өгч байгаа нь харамсалтай хэрэг. Хохирогч нар жагсаал цуглааны дараа буудуулсан шүү дээ. Жагсаж цугласан ард иргэдээ ялладаг улс монголоос өөр байхгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ