Буруу бүхнийг Үндсэн хууль руу “чихэж” болохгүй

img

-Улс төрийн маргааныг гудамжинд бус  парламентаар шийдвэрлэх нь ардчиллын илрэл-

Гэрэл зургуудыг MPA.mn

"Үндсэн хуульт ёсны хөгжил ба үндэсний зөвшилцөл" эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд боллоо. Хуралд эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, их дээд сургуулийн багш нар, парламентад суудалтай, суудалгүй улс төрийн намууд, Үндсэн хуулийн Цэцийн гишүүд, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүхийн төлөөллүүд, ШУА-ийн гишүүд оролцлоо.

Хурлыг УИХ-ын гишүүн, хууль зүйн шинжлэх ухааны доктор Д.Лүндээжанцан нээж:

 

-Монгол Улсын Үндсэн хуулийг баталснаас хойшхи хугацаанд нийгмийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг эрхэм зорилгодоо нийцүүлэн үндэсний эрх зүйн тогтолцооны эх суурийг бий болгохоор нийтээрээ ихэд хичээн зүтгэлээ. Ийнхүү Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш 25 жилийн хугацаа улиран одож, нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралд маш олон хувирал өөрчлөлт бий болсон. Энэ бүхэнтэй уялдан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, эрэлт хэрэгцээ шаардлага бий боллоо. Улс төрийн зөрчил, маргааныг гудамжинд, хүчирхийллийн аргаар бус хуулийн хүрээнд парламент дотроо шийдвэрлэж байхыг бодит ардчиллын илрэл гэж ойлгодог. Энэ ч учраас Үндсэн хуулийн өөрийнх нь нэг гол чиг үүрэг бол улс төрийн зөрчил, хямралыг зохицуулах, түүнээс урьдчилан сэргийлэх явдал юм. Гэвч нийгэмд болж бүтэхгүй байсан бүхий л зүйлийг дан ганц Үндсэн хуулийн зохицуулалт хоцрогдсоноос, тогтолцооны гажгаас шалтгаалсан гэж Үндсэн хууль руу бүгдийг чихэж болохгүй” гэв.

 

Үүний дараа эрдэмтэн судлаачид Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага, тулгамдсан асуудал, Үндсэн хуулийн хөгжлийн загвар, асуудал, шийдлийн талаар тус бүр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Тухайлбал, хуралд академич Г.Чулуунбаатар “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, хэрэгцээ, шаардлага ба тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр, манай улсад Үндсэн хуулийн эдийн засгийн судалгаа сул хөгжсөн, цаашид хөгжүүлэх шаардлага бий болсон талаар онцолсон.

ШЕЗ-ийн дарга, философийн ухааны доктор Н.Лүндэндорж "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлага”, УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Үндсэн хуульт хөгжлийн загвар, асуудал шийдэл”, Хууль зүйн ухааны магистр Ж.Сайнхишиг “Үндсэн хуулийн эдийн засгийн үзэл баримтлалын үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийг шинжлэх нь”, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Ганзориг “Үндсэн хуулийн өөрчлөлт, нутгийн удирдлага”, УИХ-ын гишүүн асан, Улаанбаатар бодлогын судалгааны төвийн зөвлөх М.Батчимэг “Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага: Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцэл” сэдвээр тус тус илтгэл тавив.

 

Илтгэлүүд танилцуулсны дараа хуралд оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ үеэр Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар олон жил ярьж хэлэлцсэн, одоо ажил хэрэг болгох цаг болсныг эрдэмтэд судлаачид онцолж байсан. Хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд асан Д.Содном:

 

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байна. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална. УИХ нэг танхимтай, 76 гишүүнтэй байна гэж Үндсэн хуульд заасан байдаг бол УИХ-ыг Дээд ба Доод буюу хоёр танхимтай хэрэгтэй гэсэн бол МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав "Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд байгаа заалтуудаа нэг шинжилж үзээд байхгүйг нь оруулж өгөөд өөрчлөх шаардлага бий болсон. Үндсэн хууль өөрөө эдийн засагжих шаардлагатай гэсэн саналтай байв. Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг "Одоогийн үйлчилж байгаа Үндсэн хуулийн хэрэгжүүлэх чадвар, чадавх дуусаагүй гэж бодож байна. Тиймээс Үндсэн хуулийг бүрэн өөрчлөлт хийх шаардлагагүй гэж бодож байна" хэмээн байр сууриа илэрхийлж байв.

 

Эрдэм шинжилгээний хурлын үеэр гарсан чухал саналууд дээр үндэслэн Үндсэн хуулийн бүлэг тус бүрээр нарийвчлан хэлэлцэж, ард иргэдийн санал бодлыг сонсож шат дараалсан хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Ингэснээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах механизмаа тодорхой болгох ажээ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Хариуцлагагүй хяналтгүй тогтолоог бий болгосон Үндсэн хуулийг хамгаалж,Монгол улс сөнөж байсан ч хамаагүй одоогийн тогтолцоог ашиглан Зөнөтлөө УИХ-д суух санаатай Лүндээжанцан, тэргүүтэй нөхдийг ард түмэн хойч үе шүүн тунгааж үр хүүхэд чинь ичих цаг ирнэ
2017-01-25