Ерөнхийлөгчийн сонгуулийг 06 сарын 26-нд явуулахаар баталлаа

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

 

Тогтоолын төсөлд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн товлон зарлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал авах ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоох, түүнчлэн Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний санал авах ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд явуулах”-аар заажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-18 хоногт Ерөнхийлөгчид нэр дэвшигчид Монгол Улсаа тойроод сурталчилгаа хийж чадахгүй. Үүнийг 21 хоног болгон сунгах боломж байна уу?

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

 

-Уг нь бид энэ заалтыг засахаар оруулсан. Гэтэл биднийг өөрчдөдөө, нэг хүнд зориулсан заалт байна гэсэн мессэж нийгэмд түгээсэн. Дээр нь цаг хугацааны хувьд хэлэлцэж амжихааргүй болсон. Тиймээс бид хуулийн төслөө буцаасан.

 

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:

-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаанд 2-3 шаттай мэтгэлцээн зохион байгуулж болох уу? Хамгийн гол хэсгийг мэтгэлцээн гэдэг.

 

СЕХ-ны дарга Ч.Содномдорж:

-Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төсөлд с урталчилгааны хугацааг өөрчилсөн байсан. Гэхдээ хуулийн төслийг буцаасан. Харин энэ хуулийн төсөлд 18 биш 20 хоног сурталчилгаа хийхээр заасан байгаа. Мэтгэлцээний хувьд явуулж болно.

 

Ингээд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа.  Гишүүдийн 86 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжив. Дараагаар нь “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ