Оффшор данстнуудаас УИХ хариуцлага асуух ёстой

"Ард түмний онц түр зөвлөл" энэ сарын 18-нд байгуулагджээ. Тус зөвлөл оффшор данстай улстөрчдийг шалгуулан, хариуцлага тооцуулах зорилготой юм байна. Онц зөвлөлийн Ерөнхий зохицуулагчаар С.Батчулуун сонгогдон ажиллаж буй аж.
Тус зөвлөлөөс өнөөдөр хэвлэлийн хурал хийж, улс төрийн намуудад хандан уриалга, Ерөнхийлөгчид шаардах бичиг хүргүүлж буй мэдэгдэв. Тэд улс төрийн намуудыг оффшор данстай улстөрчдийг шалгуулах шударга үйл хэрэгт нэгдэхийг уриалсан байна. Харин Ерөнхийлөгчийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувиар энэ асуудалд анхаарлаа хандуулан, хууль хяналтын байгууллагад үүрэг чиглэл өгч, хяналт тавихыг шаарджээ.
"Ард түмний онц түр зөвлөл"-ийн Ерөнхий зохицуулагчаар С.Батчулуун оффшор данстай гэх С.Баяр, С.Баярцогт, Б.Дэлгэрсайхан, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзориг нарыг УИХ-ын нэгдсэн чуулганд оролцуулж, оффшорын талаар асуулга явуулж, нээлттэй хэлэлцэхийг шаардана гэдгээ хэлж байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ