Арбитрын тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдэн хуралдаанаар Арбитрын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Арбитр нь үүссэн маргааныг талуудын тохиролцсоны дагуу, маргаан таслах хараат бус бүрэлдэхүүний өмнө шийдвэрлэх арга юм. 2003 оноос хүчин төгөлдөр үйлчилж байгаа Арбитрын тухай хууль хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ Арбитрын тухай хуулийг Олон улсын худалдааны арбитрын тухай Загвар хуульд нийцүүлэх чиглэлийг баримтлан боловсруулсан боловч Монгол Улс одоог хүртэл Загвар хуулийг нутагшуулсан орны жагсаалтад бүртгэгдээгүй байна.
Арбитрын шийдвэрээр үүрэг хүлээх магадлалтай тал нь арбитрын үндсэн шийдвэр гарахаас өмнө өмч хөрөнгөө захиран зарцуулах зэргээр шийдвэрийг хэрэгжих боломжгүй болгох тохиолдол байдаг. Иймд арбитрын шийдвэр бодит байдал дээр хэрэгждэг байх нөхцөлийг хангах үүднээс цаг хугацааны хувьд эцсийн шийдвэр гарахаас өмнө цаг хожиж хамгаалалтын шинжтэй арга хэмжээ авах бүрэн эрхийг арбитрын бүрэлдэхүүн эдэлдэг байх боломжийг хангахад энэхүү түр арга хэмжээний ач холбогдолтой аж.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү уг хуулийн төслийг хуулийн зөрчилтэй гэж үзэн байсан юм. Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хууль зөрчсөн зүйл байхгүй гэдгийг тайлбарлаж байлаа. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Арбитрын хэлэлцээртэй бол арбитраар бусад тохиолдолд шүүхээр шийднэ. Түүнээс бус бусдын талд ороод байгаа зүйл байхгүй. Шүүх дээр 40000 асуудал байна. Арбитр дээр 40 асуудал байна” гэсэн юм.
Ингээд Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдах хуулийг батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар Арбитрын тухай болон дагалдах хуулиудыг батлав.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ