Иргэдийн оролцоо гэхээсээ захиалгат улс төр явагдах вий

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн барьсан уг хуулийн төсөлд иргэдийн гаргасан саналыг УИХ-аар хэлэлцүүлэх эрхийг олгож байгаа юм.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ц.Даваасүрэн “Энэ хуулийн төсөл Үндсэн хуулийн заалттай хэр зохицож байна вэ. Хэсэг бүлэг иргэд хуулийн төсөл санаачлахад УИХ-ын дарга Өргөдлийн байнгын хороонд шилжүүлэн хэлэлцүүлэхээр заажээ. УИХ-ын гишүүн нь ард түмнээ төлөөлөөд хуулийн төсөл санаачилдаг. Өнөөдөр хууль санаачлах гурван субъект бий” хэмээлээ. Үүнд Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Г.Өнөрбаяр “Энэ хуулийн төсөл Үндсэн хуультай зөрчилдөхгүй. Иргэдийн хууль санаачлах процессийг тодорхой болгохоор зааж байгаа. Одоо үйлчилж байгаа хуулийг илүү тодорхой болгож байгаа юм” хэмээлээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Хууль санаачлагч субъект нэмэгдсэн юм шиг харагдаад байна. Баахан захиалгат санал асуулга явуулах гээд байна уу. Хандиваар санал асуулга явуулах юм уу. Иргэдийн оролцоо гэхээсээ илүү захиалгат улс төр явчих юм биш үү гэсэнд “Иргэд санаачлага гаргаад асуудлыг шийдэхгүй. Хуулийг батлах эрх нь УИХ-д байгаа. Парламентын ардчилалд халдах гэсэн зүйл байхгүй.” хэмээн Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх хариуллаа.
Гишүүд энэ хуулийн төсөлд тун болгоомжтой хандаж байлаа. Хуулийн төслийг ямар хугацаатай боловсруулж, хичнээн хүний оролцоо байх, төрийн оролцоо хэр байх, санхүүжилтийг хаанаас хийх зэргийг асууж байв. Хууль санаачлагачийн тайлбарласнаар иргэд сайн дураараа оролцож, хууль боловсруулах төслийн зардлаа өөрсдөө гаргахаар заасан байна.
Ийнхүү хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ