301 албан тушаалтан гадаадад данс нээлгэхийг хориглоно

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Дараагаар нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Уг хуулийн төсөлд оффшор бүсийг тодорхойлох, тухайн бүсэд өндөр албан тушаалтан болон тэдний гэр бүл, үр хүүхэд   данс нээхийг хориглохоор заасан байгаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хариулж байгаа юм.

 

Гишүүн Ц.Даваасүрэн “Оффшор бүсийн тухай хуулийг энэ парламент батлах хэрэггүй. Иргэн гадаад улсад данс нээлгэх эрх нь нээлттэй. Үүнийг хорьж болохгүй. Хууль бус  орлого олсон хүн гадаад банкинд данс нээлгэж болохгүй гэж байна. Хууль ёсоор олсон орлогыг хууль бусаар олсон орлоготой нийлүүлж болохгүй. Тэгвэл виза карт ч эзэмшиж болохгүй юм байна.  Тэгвэл энэ яриад байгаа залуу виза картаа хураалгах хэрэгтэй.” гэсэн юм. Үүнд ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Оффшор бүсийн талаар ГХЯ-наас тайлбар авсан. Гадаад улс оронд оффшор бүс гэж  томъёолсон томъёолол байдаггүй. Бид гадаадын улс орны жишгийг харж байгаа. ОХУ, Герман хориглосон бүсэд данс эзэмшихийг өндөр албан тушаалтнууддаа хориглосон” хэмээлээ.

 

УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Холбогдох 300 албан тушаалтнуудад данс нээлгэхийг хоригложээ. Харин хамаатан саданг нь хамруулах нь Үндсэн хууль зөрчиж байгаа юм биш үү” хэмээлээ. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Үүнд 301 албан тушаалтан гадаадад данс эзэмшихийг хорьж байгаа. Анх 3000 гаруй албан тушаалтныг гадаадад данстай байх, хувьцаа эзэмшихийг хориглож байлаа. Мөн хамт амьдарч байгаа гэр бүл, үр хүүхдийг нь гадаадад данс нээлгэх, хувьцаа эзэмшихийг хориглож байна.  Энэ нь оффшорчдод хариуцлага тооцох эрхийг олгож байна. УИХ-ын гишүүд яагаад гадаадад данс нээлгэх ёстой юм. Дотооддоо данс нээлгээд, төрийн төлөө үндсэн ажлаа хийх ёстой. Хууль ёсны олсон мөнгөөрөө гадаадад данс нээлгээд, ашиг хүртэж болохгүй” гэсэн тайлбар хийв.

 

Мөн хуулийн төслийг хэлэлцэх явцад  301 албан тушаалтны гэр бүл, үр хүүхэд гадаадад сурч, данс нээлгэхийг хориглохоор зарчмын зөрүүтэй санал оруулж ирсэн байна. Үүнийг хэлэлцүүлгийн явцад анхаарахыг ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар гишүүдэд анхааруулж байлаа.

 

Ийнхүү гишүүд асуулт асууж дуусаад, зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан МАН-ын бүлгийн дарга 5 хнооогийн завсарлага авлаа.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ