Төрд дарамт болохгүй гэдгээ тодорхой болго

Чуулганы хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдэв.
Нүүрс, төмрийн хүдрийн экспортыг дэмжих, төмөр замын дэд бүтцийг өргөтгөх зорилгоор Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс улсын хилийн Ханги боомт хүртэлх төмөр замын төслийн урьдчилсан судалгааг хийжээ. Ингэснээр 2018 оноос 2025 онд жил тээвэрлэгдэх ачааны хэмжээг 10-21 сая тонн болж Зүүнбаян-Ханги-Мандал, Бугат гэсэн төмөр замын сүлжээ байгуулах ачаа тээврийн үндэслэл болох аж. Нэг тэрбум ам.доллараар баригдах уг төмөр замын төслийг шүүмжлэх гишүүд байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Улс орон хямралтай энэ үед дахиад нэг тэрбум ам.доллараар Засгийн газар баталгаа гаргаж яах юм бэ. Би Бугатаас наашаа аялал жуулчлалын хүмүүс орж ирнэ гэж итгэхгүй байна. Монгол Улсын өрийн хэмжээ нэмэгдсэн өнөө үед дахиад Засгийн газрын баталгаа гаргаж болохгүй. Засгийн газрын бодлого маш тодорхой байх ёстой. Үүнийг би өр нэмэгдүүлдэг, буруу бодлого орж ирж байна гэж бодож байна. Төрд дарамт болохгүй гэдгээ тодорхой болго хэмээлээ. Мөн гишүүн Л.Энх-Амгалан нар эсрэг байр суурьтай байсан юм.
Харин санал хураалт явуулахад Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонх нь дэмжив.
Дараагаар нь “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ